Ж.Байден Номхон далайн арлын улсуудад тусламж үзүүлэхээ амлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-26 16:28:54

ВАШИНГТОН. /VoA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Номхон далайн арлын улсуудын чуулга уулзалтад оролцогчдод хандан тус бүс нутаг дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад тусална гэдгээ мэдэгдэв.


Номхон далайн 18 улс, нутаг дэвсгэрийн төлөөлөгчид оролцож буй энэхүү хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт даваа гарагт Вашингтонд эхэлжээ. Нээлтийн ёслолын үеэр Ж.Байден хэлсэн үгэндээ, Номхон далайн арлын улсуудын дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, гамшгийн эсрэг бэлэн байдлыг хангахад зориулж тус бүс нутагт 200 сая долларын тусламж үзүүлэх хүсэлтийг Конгресст тавина хэмээн амлажээ.


Номхон далайн бүс нутагт Хятадын цэрэг, эдийн засгийн нөлөө улам бүр өсөн нэмэгдэж байгаа тул Ж.Байден тус бүс нутагтай харилцаагаа сайжруулахад онцгой анхаарч байгаа аж.


Дээд хэмжээний уулзалтын үеэр  Күүкийн арлууд болон Ниуэтэй АНУ албан ёсны дипломат харилцаа тогтоов. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ниуэ улсын Ерөнхий сайд Далтон Тагелаги, Күүкийн арлуудын Ерөнхий сайд Марк Браун нарын хамт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.


Австрали, Күүкийн арлууд, Микронез, Фижи, Францын Полинез, Кирибати, Науру, Шинэ Каледон, Шинэ Зеланд, Ниуэ, Палау, Папуа Шинэ Гвиней, Маршаллын арлууд, Самоа, Соломоны арлууд, Тонга, Тувалу, Вануатугийн төлөөлөгчид энэ удаагийн уулзалтад оролцож байна.


Өнгөрсөн оны уулзалтын үеэр Цагаан ордон Номхон далайн арлын орнуудад 810 сая долларын тусламж өгөх төлөвлөгөөгөө танилцуулж байв.



Холбоотой мэдээ