Охайод нисдэг таксины үйлдвэр барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-09-22 15:16:16

КОЛУМБУС. /VOA/. Нэгэн цагт ах дүү Райтууд нисдэг төхөөрөмж бүтээж байсан Охайо голын хөндийд эгц хөөрч буудаг шинэ үеийн цахилгаан нисдэг таксийг тун удахгүй үйлдвэрлэж эхлэх гэж байна. 


Тодруулбал, Охайо, Калифорни муж улсуудад үйл ажиллагаа явуулдаг “Joby Aviation” компани 2025 он гэхэд Дейтон олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох 56 га талбайд агаарын таксины үйлдвэр барих гэрээ байгуулжээ. 


Эгц хөөрч буудаг, футурист загвартай уг цахилгаан тээврийн хэрэгслийг дэлхийн хөл хөдөлгөөн ихтэй томоохон хотуудад нийлүүлэх ажээ. Охайо дахь “Joby Aviation”-ы үйлдвэр жилдээ дуу чимээ багатай 500 гаруй нисдэг такси үйлдвэрлэх бөгөөд 2000 орчим ажлын байрыг шинээр бий болгох юм. 

 

Охайогийн удирдлага болон тус муж улсын эдийн засгийн хөгжлийн “JobsOhio” корпорац, түүнчлэн дотоодын хөрөнгө оруулагчид дээрх төслийг дэмжиж, 325 сая орчим долларын хөрөнгө оруулаад байна.


Холбоотой мэдээ