“Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын үндсэн жагсаалтад бүртгүүлэх тухай тусгасан.
Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Сагсай сумын нутагт оршдог Цагаан салаа-Бага Ойгор, Алтай Таван Богд, Шивээт хайрхан, Хар ямаат, Даян нуур, Хулбайн арал зэрэг байгалийн болон соёлын өвийн хосолсон дурсгалт газрууд болох “Алтайн өндөр уулс” өвийн номинацын материалыг холбогдох талуудаас бэлтгэн Дэлхийн өвийн үндсэн жагсаалтад байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр нэр дэвшүүлэн 2020 оны 9 дүгээр сард Дэлхийн өвийн төвд хүргүүлж байсан.
Тэгвэл Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 9 дүгээр сарын 10-25-нд зохион байгуулж буй ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Алтайн өндөр уулс” өвийг бүс нутгийн экологийг хадгалах чухал үүрэгтэй газар нутгийг уг өвийн номинацид хамтатган авч үзэх талаар Дэлхийн өвийн шинжээчид зөвлөлөө.
Тэгвэл энэхүү зөвлөмжийн дагуу эрдэмтэн, судлаачид зохих нэмэлт материалыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд дахин хүргүүлэхээр боллоо гэж Соёлын яамнаас мэдээлэв.


