ӨМНӨГОВЬ: “Мастер ралли-2023” анхдугаар уралдааны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад /МОНЦАМЭ/. Говийн цэнгэг усаа хайрлая уриан дор "Мастер ралли-2023’’ бартаат замын холын зайн уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд Даланзадгад сумын Ажнай талбайд нээлтийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Тус уралдаанд оролцогчид есдүгээр сарын 20-24-ний өдөр Улаанбаатар, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг дайрч, нийт 1800-2000 км замыг туулах юм.
Монголын авто мастеруудын холбоо, Өмнөговь аймгийн автомашин мотоциклийн спортын холбоо хамтран энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн ЗДТГ дэмжин оролцож байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд авто ралли спортоор тогтмол хичээллэдэг 30 гаруй тамирчин байдаг.
Тус тэмцээнийг Уаз, Suv, Moto, Ssv гэсэн
дөрвөн ангиллаар зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээний зорилго нь олон төрөлт бартаат замын холын зайн ралли уралдааныг хөгжүүлэх, холын зайн ралли уралдаанд Монгол улсаа төлөөлөн олон улсын уралдаанд оролцох тамирчдыг
бэлтгэн хөгжүүлэх юм.
Мөн говийн бүс
нутгуудад цэнгэг усны нөөц эрс багасаж жил ирэх тусам байгаль орчин доройтож байгаагаас үүдэн олон нийтийг цэвэр усаа хайрлан
хамгаалж, зөв зохистой ашиглахыг уриалан тус уралдааныг зохион байгуулж
байгаагаараа онцлогтой.