Пикассогийн алдартай зургийг дуудлагаар худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-21 12:18:05

НЬЮ-ЙОРК. /CNN/. Пабло Пикассогийн алдарт “Femme à la montre”  бүтээл энэ намар дуудлага худалдаагаар 120 сая гаруй ам.доллараар үнэлэгдэх төлөвтэй байна.


1932 онд зурсан, 130 x 96.5 сантиметр хэмжээтэй энэхүү тосон будгийн зураг нь 11 дүгээр сард болох Нью-Йоркийн Sotheby's” дуудлага худалдааны ордны хоёр өдрийн арга хэмжээний хойморт залрах ажээ.


Энэхүү бүтээлд Пикассогийн амраг, түүний “Гэгээн Муза” Мэри-Терез Уолтерыг дүрсэлжээ. Пикассо “миний амьдралын цорын ганц хайр” хэмээн Мэриг олон хөрөг зурагтаа дүрсэлсэн байдаг.


Дуудлага худалдааны ордны мэдээлснээр, уг хөрөг нь Испанийн зураачийн хамгийн онгодтой байсан он жилүүдэд бүтээгдсэнээрээ алдартай бөгөөд 2018 онд Парис дахь Пикассо музей,  Лондонгийн Тейт Модерн музейгээс хамтран зохион байгуулсан үзэсгэлэнгийн гол үзмэр болж байв.


Пикассо 1927 онд Мэриг 17 настай байхад нь Парист анх танилцсан аж. Пикассо орос-украин гаралтай балетчин Ольга Хохловатай гэрлэсэн байсан тэр үед Мэри зураачийн хамгийн эрэлттэй зураг, таталбар зураг, баримлуудын “муза” болжээ.


Он жил өнгөрөх тусам Пикассогийн хувьд Мэриг гэх сэтгэлээ  нуух нь улам хэцүү болж, 1955 онд гэрлэлтээ цуцлуулсан байна. Пикассо 1973 онд, Мэри 1977 онд нас баржээ.


“Femme à la montre” бол энэ оны эхээр 102 насандаа таалал төгссөн дэлхийд алдартай урлагийн бүтээл цуглуулагч Фишер Ландаугийн цуглуулгад хадгалагдаж буй 120 орчим зургийн нэг юм гэж The Art Newspaper мэдээлэв.

 


Холбоотой мэдээ