Б.Тэргэл: Бөөгийн дүрд тоглоход ур чадвар, тэвчээр шаардсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-20 15:55:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сэр сэр салхи” кино багийнхан 2023 оны наймдугаар сарын 31-нд болсон Венецийн кино наадамд хэрхэн оролцсон тухайгаа үзэгчидтэйгээ өнөөдөр хуваалцлаа.


Тус кино наадамд  Монгол найруулагч П.Лхагвадулмын “Сэр сэр салхи” бүрэн хэмжээний уран сайхны кино сонгогдсоноос жүжигчин Б.Тэргэл Оризонти хэсгийн “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр шалгарсан байна.


Энэхүү кино Венецийн кино наадмын Дарсен их танхимд нээлтээ хийж, нийт 5 удаа 8000 үзэгчийн хүртээл болсон аж. Эл бүтээлд өвөг дээдэс, онгод тэнгэрийн ерөөл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайсан залуу зайрангийн эгэл түүхийн талаар өгүүлнэ.


Найруулагч П.Лхагвадулам ярихдаа, “Би 2014 онд ээжтэйгээ хамт бөө дээр очсон юм. Бөөгийн зан үйл дууссаны дараа миний дэргэд нэгэн залуу ирж суусан. Түүний хоёр гар шивээстэй, чихэндээ ээмэгтэй, орчин үеийнхээр “күүл” залуу байсан. Тэгэхэд ээж, “Чиний хажууд сууж байсан залуу чинь бөө шүү дээ” гэсэн. Тэр мөчид энэхүү киноны санаа төрсөн. Энэ кино эх орныхоо төлөө өргөж буй “ерөөл” гэж хэлж болно. Учир нь кинонд гол дүрүүд хангай дэлхийдээ хэд хэдэн удаа цай сүүнийхээ дээжийг өргөх хэсэг гардаг. Энэ нь найруулагч миний хувьд эх орныхоо сайн сайхан, ирээдүйн төлөө ерөөж буй илэрхийлэл юм. Манай кино мөн “Тронто” Олон улсын кино наадамд амжилттай оролцсон. Одоо “Бусан”-ы кино наадамд оролцохоор бэлдэж байна” гэлээ.


“Сэр сэр салхи” киноны гол дүр, Венецийн Олон улсын кино наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин Б.Тэргэл: Анх энэхүү киноны дүр шалгаруулах уралдааныг найзаасаа сонсож шалгалт өгсөн. Үүнээс долоо хоногийн дараа кино багаас гол дүрийн шалгаруулалтад тэнцсэн гэж ярьсан. Тухайн үед итгэж чадаагүй. Кинонд тоглоход хэцүү зүйлүүд их байсан. Амьдралдаа үзээгүй олон зүйлийг үзсэн. Нэг ч удаа бөөд очиж үзээгүй хүн өөрөө ийм дүрд тоглох болсон нь маш их ур чадвар, тэвчээрийг шаардсан. Шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэндээ үнэхээр их баяртай байгаа.


Соёлын яамны Соёл урлагийн газрын дарга Б.Сэргэлэн: Соёлын яам байгуулагдаад 3 жил болж байна. Энэ хугацаанд бид Соёлын тухай хууль, шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай хууль, Музейн тухай хуультай болсон. Бид соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх 12 чиглэлийг тодорхойлж, кино урлагийн салбар энэхүү тэргүүлэх чиглэлд багтсан. Кино урлагийн дэмжих сангаас санхүүжилт авсан 11 киноны нэг нь “Сэр сэр салхи” кино юм. 2022 оны хавар батлагдсан Засгийн газрын 73 дугаар тогтоолоор дэлхийн А буюу тэргүүн зэрэглэлийн кино наадамд Монголын уран бүтээлчдийг тогтмол оролцуулан төр, хувийн хэвшлүүдийн салбар дундын уялдааг хамруулахыг Засгийн газар дэмжиж ажиллах тухай шийдвэр гаргасан. Үүний үр дүн гарч байна гэж болно.


Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал: Кино урлагийн зөвлөл байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бодлогынхоо хүрээнд хэд хэдэн уран бүтээлчийг гаднын кино наадамд дэмжин ажилласан. Кино урлагийг дэмжих сангаас “Сэр сэр салхи” кинонд эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгосон. Их хэмжээгээр дэмжлэг үзүүлээгүй ч төр уран бүтээлчдээ дэмжин ажиллаж байгаад талархаж байна.   

        

Кино зураг авалтыг Улаанбаатар хотод 2022 оны 9-12 дугаар сард хийжээ. Кинонд Монгол, Франц, Протугалын нийт 80 гаруй уран бүтээлч ажиллан 200 гаруй гол ба туслах дүрүүд урлагийн сургуулийн оюутнууд оролцон тоглосон байна.

Уг уран сайхны кино “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээх юм.   

                                                                                                                                                                                    Т.Амаржаргал

                                                                                                                                                                                    Р.Цэцэгбаяр



Холбоотой мэдээ