Тэкболын спортыг танилцуулах сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-19 15:52:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын ертөнцөд шинэ төрөл түрэн орж ирэх нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Эдний нэг нь Монголд дэлгэрээд 4 жилийн нүүр үзэж буй тэкбол юм.


Тэгвэл уг төрлийн спортын анхдагч тамирчин, дасгалжуулагч, шүүгч болон зүтгэлтнүүдийг бэлтгэх улмаар тэдгээр мэргэжилтнүүдэд энэхүү спортыг хүлээлгэн өгөх зорилгоор Монголын спортын ууган сургууль МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 2023-2024 хичээлийн жилийн Спортын ур чадварын хичээлд Тэкболын хичээлийн хөтөлбөрийг боловсруулан батлуулж 15 оюутантай Тэкболын хичээлийг эхлүүлж байжээ.

Улмаар текболын спортыг танилцуулах албан ёсны сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.


Тэкболын спорт нь 2015 онд Унгар улсад  анх үүсчээ. Олон улсад хамгийн хурдтай хөгжиж байгаа шинэхэн спортын төрөл. Энэ спортын холбоо Монгол Улсад 2019 онд байгуулагдсан байна.

Тэкбол нь нас, хүйс, ур чадвар харгалзахгүй, бэртэл гэмтлээс ангид хэн ч, хэзээ ч, хаана ч тоглож биеийн идэвхитэй хөдөлгөөнтөй байх боломжтой орчин үеийн спортын сонирхолтой төрлийн нэг.


Тоглох дүрэм

-Гарнаас бусад биеийн хэсгээр дээд тал нь 3 удаа бөмбөгөнд хүрнэ.

-3 сет буюу хэн эхлэж 2 сет хожсон нь хождог ( best of 3 sets )

-Тоглогч эсвэл багийн хэн эхэлж 12 оноо авсан нь тухайн сет-д хождог

-Сүүлийн шийдвэрлэх сет-д хожих онооны зөрүү заавал 2 оноо байх ёстой

-Тоглогч нь эхний давуулалтаа алдвал 2 дахь давуулалт хийх боломжтой

-Тоглолтын явцад бөмбөг тор цохивол тоглолтыг үргэлжлүүлнэ.

-Тоглогч эсвэл баг нь 4 онооны дараа давуулалтаа солино

-Хос тоглолтонд бөмбөгийг эсрэг тал руу буцаахдаа 2 тоглогч заавал бөмбөгөнд хүрнэ. Бие биеэндээ дамжуулна.

-Тоглогч биеийн нэг хэсгээр дараалан 2 удаа бөмбөгөнд хүрч болохгүй.

-Бөмбөг ширээний хажууг шүргэсэн тохиолдолд тухайн оноог тооцохгүй

-Тоглолтын явцад тоглогч ширээ болон эсрэг тоглогчид хүрч болохгүй


Дүрмийн бус довтолгоо

 Тоглогч довтолгоо хийхдээ биеийн газарт хүрч байгаа хэсгээр болон бөмбөгөнд хүрч байгаа хэсгээр тортой харалдаа төсөөллийн шугамыг давж довтолгоо хийхийг дүрмийн бус довтолгоо гэнэ. Харин тоглогч өөртөө болон багийн тоглогч руу буцаах тохиолдолд төсөөллийн шугамыг даван эсрэг тал руу орж болно.

 

Холбоотой мэдээ