“Brent” маркийн газрын тосны үнэ 95 ам.доллароос давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-19 15:16:38

ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE Futures” биржийн даваа гаргийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.62 хувиар өсөж, нэг торх нь 95.02 ам.долларт хүрчээ. 


Энэ төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-наас хойш анх удаа нэг торх нь 95 ам.доллароос давсан байна.


Шинжээчдийн үзэж байгаагаар, Орос, Саудын Араб улсууд сайн дурын үндсэн дээр экспортоо бууруулж, олборлолтоо танах хугацааг энэ оны эцэс хүртэл сунгасантай холбоотойгоор дөрөвдүгээр улиралд газрын тосны зах зээлд хомсдол үүснэ гэсэн таамаглалаас үүдэн ханш өсжээ. 


Есдүгээр сарын 18-ны даваа гарагт Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман нийлүүлэлтийг хязгаарлах бодлогоо хамгаалсан мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр, тогтворгүй байдлыг хязгаарлахын тулд олон улсын зах зээлд "зөөлөн зохицуулалт" хэрэгтэй байгаа бол Хятадад эрэлт цаашид нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Харин Австралийн “ANZ” санхүүгийн группийн шинжээчид Орос, Саудын Араб хоёрын шийдвэрээс үүдэн дөрөвдүгээр улиралд өдөрт 2 сая торх нефтийн хомсдол үүсэж болзошгүйг анхааруулжээ.


Газрын тосны үнийн өсөлтөд дэлхийн хамгийн том нефть импортлогч болох Хятадын эдийн засаг сэргэнэ гэсэн өөдрөг таамаглал нөлөөлж байна. 


“Хятадын эдийн засгийг эрчимжүүлэх бодлого, АНУ-ын эдийн засаг тогтвортой байгаа, түүнчлэн “ОПЕК+” бүлгийн орнууд олборлолтоо үргэлжлүүлэн бууруулж байгаа нь үнийн өсөлтийг дэмжих хүчин зүйлүүд болж байна” гэж CMC Markets-ийн шинжээч Тина Тенг дүгнэжээ. 



Холбоотой мэдээ