АРХАНГАЙ: Бүх цэргийн наадамд аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүлж, цэргийн арслан цол хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-16 22:08:28
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сурталчлах "Бидний бахархал" төсөл Архангай аймагт хоёр дахь өдрөө цэргийн цол олгох бүх цэргийн наадмаар үргэлжилж дууслаа.

Цэргийн цол, чимэг олгодог 32 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-ыг МҮБХ, "Алдар" спорт хороо хамтран анх удаа орон нутагт ийнхүү зохион байгуулсан юм. Уг наадамд аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бөх, аймгийн харцага Б.Өлзийсайхан найм даван түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх, аймгийн харцага Х.Наранбаяр үзүүрлэж, цэргийн заан цол хүртсэн юм.

Тус барилдааны их шөвгийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх аймгийн арслан Н.Амгаланбаатар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн бөх аймгийн заан Б.Баянсүх нар шалгарсан юм.

“Бидний бахархал” төслийн хүрээнд зохион байгуулсан 32 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-д Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат "Аврагч" спорт хорооны бөх сумын заан Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат сумын заан Т.Лхагвасүрэн, Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат сумын заан А.Дорждэрэм нар 5 даван шөвгөрч, цэргийн начин цол хүртсэн юм.
/Цэргийн шинэ начингууд/

Холбоотой мэдээ