ДОРНОД: Нийт нутгийн 3.5 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-15 21:56:56

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутгийн 3.5 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ. Тодруулбал, нийт нутгийн 2.8 хувьд даац нэгээс гурав дахин, 0.7 хувьд даац олон дахин хэтэрсэн байна.


Матад сумын Жаргалант, Баянхангай баг, Сэргэлэн сумын Барчин, Баян баг, Чулуунхороот сумын Галуут багийн нутагт бэлчээрийн даац нэгээс гурав дахин, Чойбалсан хотын төв, Чойбалсан сумын Хулстай, Баян-Уул сумын Бэрх багт бэлчээрийн даац олон удаа хэтэрсэн гэж УЦУОШТ-өөс хийсэн судалгааны дүнд дурджээ. Ийнхүү хур бороо элбэг, зуншлага сайн байсан зарим нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн нь малын тоо их байгааг харуулж байна.


Харин нийт нутгийн 69.8 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 26.7 хувь нь бэлчээрийн хүрэлцээтэй буюу нийт нутгийн 96.5 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой.


УЦУОШГ-өөс наймдугаар сарын 10-21-ний өдрүүдэд нийт сумын 54 цэгт хийсэн судалгаанд үндэслэж, бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан гэж мэдээлэв. 

Холбоотой мэдээ