УИХ-ын гишүүн Г.Занданшатар тойрогтоо ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-17 15:05:20

УИХ-ын гишүүн Г.Занданшатарын тойргийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт хөдөө сумдаас эхэлж байна.

Тэрбээр, Баянлиг, Богд, Жинст суманд ажиллаад буй. УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг дагалдан БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Сангийн яамны газрын дарга н.Доржсэмэд, Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга н.Уранчимэг, ХХАХҮЯ-ны ахлах мэргэжилтэн н.Бямбадорж, аймгийн Засаг дарга Г.Батжаргал сумдад ажиллаж байгаа аж. Тэд сумдын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, аймаг орон нутгийн ажил байдлын талаар мэдээлэл хийж иргэдийн сонирхсон асуултад тодорхой хариултуудыг өгч байна. Мөн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлууд сүүлийн үед хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлж улс орны эдийн засгийн бодит байдал ямар байгаа талаар ярьж байна.

Гишүүн хэлэхдээ, энэ удаагийн УИХ түүхэндээ байгаагүй богино хугацаанд эмхлэн байгуулагдсаныг онцлоод УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг дэлгэрэнгүй танилцуулсан. Эрдэнэт үйлдвэрийн захирал сардаа 45 сая төгрөгийн цалин авч, зөвхөн урамшуулалдаа гэхэд 60 сая төгрөгийн цалин авч байгааг бууруулах тухай асуудал яригдсан нь үнэн, түүнээс биш бүх хүмүүсийн цалин хасах биш юм гэдгийг УИХ-ын гишүүн Занданшатар иргэдэд учирлаж байв.

Мөн иргэдийн асуултад хариулахдаа малчдын тэтгэврийг таван жилээр урагшлуулж, Элэгний эмийн үнийг 30 хувиар хөнгөлнө, Эрүүл мэндийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн цахим хөтөлбөр 2017 оноос хэрэгжиж эхлэхийн зэрэгцээ зайлшгүй шаардлагатай эмийн үнийг хөнгөлнө, хүүхдийн 20 мянгыг үргэлжлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ