Хүндрэлийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж давна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сумын ургацын талбайгаар явж ажилласныхаа дараа Дархан хотын “Дархан-50” цогцолборт ирэхэд тус аймгийн цэргийн хүрээний анги, байгууллагын ёслолын жагсаал жагсаж хүндэтгэл үзүүллээ. Дараа нь “Залуучууд” театрт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв.
Тэрбээр уулзалтын эхэнд хийсэн мэдээлэлдээ Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж УИХ-аар батлуулсан гэдгийг хэлээд хөтөлбөрт тусгасан зарим төслий талаар танилцууллаа. Түүнчлэн газар тариалангийн даатгалын эрх зүйн орчин бий болгох, өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, 1072 хувьцааг амилуулах, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын зэрэг МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх олон амлалт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаныг онцлов. Хүнд нөхцөлд байгаа эдийн засгаа богино хугацаанд сэргээж тогтворжуулах төлөвлөгөөг ойрын үед боловсруулж гаргана. Энэ ажлыг салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсохоос эхэлсэн. Хүндрэлтэй энэ үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэхийг уриална гэлээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Итгэлийн зээл” олгож үйлдвэрлэл эрхлэх бололцоогоор хангана. Ахмад настнууддаа “Насны хишиг” тэтгэврийг олгохоор төлөвлөж байгаагаа хэлэв. Иргэд хамтын тэтгэврийн оронд "Насны хишиг" тэтгэвэр олгох болсныг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гол нь үүнийгээ цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхийг захиж байв. Үйлдвэр, хөтөлбөр, төслийн тоо замбараагаа алдсан. Эрчим хүчний салбарт гэхэд л 68 төсөл, хөтөлбөр боловсруулсан байна. Бүгдийг нь хэрэгжүүлбэл Монгол Улсын эрчим хүч өнөөдрийн байгаагаас 20 дахин нэмэгдэхээр. Ийм замбараагүй, цаг хугацаа алдсан зүйлд мөнгөө үрэн таран хийж таарахгүй. Үүнийг цэгцэлж нэг салбарт 3-5 том үйлдвэр байгуулах саналаа боловсруулж танилцуулахыг салбарын сайд нартаа үүрэг болгосон. Энэ ажлын үр дүнгээр сайд нарын ажлыг дүгнэнэ гэв. Манай улсын 133 мянган аж ахуйн нэгжийн 60 гаруй мянга нь хаалгаа барьсан. Эдгээрийн үйл ажиллагааг сэргээж зөрчилтэй бол түүнийгээ шийдэх боломж олгох зэргээр тэдэнд хандсан арга хэмжээ авч байгаа гэлээ. Дараа нь иргэдийн асуултад хариуллаа.
Б.Норовсамбуу