ХӨВСГӨЛ: Хатгал тосгонд өндөр хурдны интернэт бүхий гуравласан үйлчилгээ нэвтэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хөрөнгө оруулалтаар шилэн кабелийн өндөр хурдны интернэт, 84 сувагтай, 96 цагийг нөхөж, ухрааж үзэх боломжтой IPTV, суурин утасны гуравласан үйлчилгээ нэвтэрлээ.
Тус үйлчилгээний давуу тал нь өндөр хурдны шилэн
кабель, IPTV, суурин утаснаас гадна, кино сангаас кино, контент үзэх, суурин
утас нь сүлжээндээ үнэгүй ярих бөгөөд бусад сүлжээнд үнэгүй ярих эрх дагалдах юм байна.
Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр иргэд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, алсын зайн оношилгоо хийлгэх, сурагч багачууд маань цахимаар суралцах, цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.
Өнгөрсөн 2022 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул,
Тариалан, Тосонцэнгэл суманд энэхүү гуравласан үйлчилгээ амжилттай нэвтэрсэн
бөгөөд эдгээр сумдын нийт өрхийн 60 гаруй хувь тус үйлчилгээг ашиглаж байна.
Цаашид “Монголын цахилгаан холбоо” ХХК Хөвсгөл аймгийн бүх суманд “Цахим өрх” төслийн
хүрээнд гуравласан үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.