WSJ: Хятадын төрийн албан хаагчид “iPhone” хэрэглэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-07 10:51:18

НЬЮ-ЙОРК. /CNN/. Хятадын засгийн газрын албан хаагчдад “iPhone” гар утас хэрэглэхийг хориглосон тухай “The Wall Street Journal” сонин нэрээ нууцалсан хүмүүсийн ярьсныг эш татан мэдээлжээ.


Энэ мэдээ гарсны дараа лхагва гарагт “Apple” компанийн хувьцаа 3.6 хувиар унаж, Нью-Йоркийн биржийн арилжаа хаагдах үед 182.91 ам.доллар болсноор сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн ихээр буурчээ.  Лхагва гаргаас өмнө “Apple”-ийн хувьцаа энэ онд 46 хувиар өсөөд байв.


“WSJ” сонинд мэдээлснээр, менежерүүд чат групп болон уулзалтаар дамжуулан ажилтнуудад уг хоригийн талаар мэдэгдэж байгаа ажээ. “CNN” телевиз Хятадын Гадаад хэргийн яам болон “Apple” компаниас энэ талаар тодруулга хүссэн боловч хариу ирүүлээгүй байна.


Хятадын төв Засгийн газрын агентлагуудтай тогтмол харилцдаг эх сурвалжийн хэлснээр, Хятадын эрх баригчид “iPhone” утаснаас татгалзах бичигдээгүй дүрмийг албан ёсны бодлогод тусгахгүйгээр хэдэн сарын турш дагаж мөрдсөн байна. 


Өнгөрсөн зургадугаар сард “CNN” Хятадын Засгийн газрын зарим яам аюулгүй байдлын үүднээс “Tesla” компанийн автомашинуудыг байрандаа оруулахыг хориглосон тухай мэдээлсэн байна. “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук өнгөрсөн гуравдугаар сард тус улсад айлчилсан юм. Хятад бол тус компанийн хувьд томоохон зах зээл, үйлдвэрлэлийн төв бөгөөд нийт орлогынх нь 19 орчим хувийг бүрдүүлдэг.


Засгийн газрын албан тушаалтнуудад iPhone” хэрэглэхийг хориглосон нь АНУ-ын зүгээс Хятадын технологийн бүтээгдэхүүнүүдийн эсрэг авсан ижил төстэй алхмуудын хариу арга хэмжээ байж магадгүй бөгөөд Apple”-аас гадна Хятадад үйл ажиллагаа явуулдаг бусад томоохон гадаадын брэндүүдэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.


Хятадын Huawei болон ZTE компаниуд нь АНУ-ын хязгаарлалтад удаан хугацааны турш өртсөөр иржээ. Мөн 2022 оны 11 дүгээр сард Жо Байдены засаг захиргаа АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хүлээн зөвшөөрөхийн аргагүй эрсдэл учруулж байгаа тул тус хоёр компанийн харилцаа холбооны шинэ тоног төхөөрөмжүүдийг хориглосон байна.


Түүнчлэн Хятадын Засгийн газар Bytedance” компаниар дамжуулан “TikTok” нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломжтой байж болзошгүй гэх болгоомжлолтой холбоотойгоор АНУ-ын Төлөөлөгчдийн танхим, Нью-Йорк хот, Монтана, Нью-Жерси, Охайо, Техас, Жоржиа муж улсад төрийн байгууллагын төхөөрөмжүүдэд уг нийгмийн сүлжээг хориглосон билээ.

 


Холбоотой мэдээ