“Бидний мөрөөдөл”-ийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-05 19:34:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын зураач Дагдангийн Амгалангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлээ.


СУИС, Уран зургийн галерей, “Амгалан Ертөнц сан хамтран зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд түүний “Мөрөөдөл”, “Өвлийн үдэш”, “Капитализмыг алгасагч”, “Жаахан шаргын нутагт” зэрэг алдартай 20 гаруй уран бүтээлээс гадна шавь нарынх нь бүтээл туурвилыг мөн дэлгэжээ.


"Тэрбээр гайхалтай уран бүтээлчээс гадна Монголын Дүрслэх урлагийн дунд сургуулийг үүсгэн байгуулалцаж, 20 жил захирлаар нь ажиллахдаа “Амгалангийн сургууль” гэж овоглотол нь хөгжүүлж, нэртэй зураач, уран бүтээлчдийг төрүүлсэн. Одоо ч олон олон хүний зүрх сэтгэлд мөнх оршдог учир Амгалан гэдэг хүн хэзээ ч “асан” болохгүй, тус сургууль нь өнөөдөр Дүрслэх урлагийн академи болтлоо өргөжсөн"-ийг СУИС-ийн захирал Э.Сонинтогос үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдаж байв.


Сүхбаатар аймгийн Халзан суман нутагт 1933 онд төрсөн Д.Амгалан 1961 онд гуашаар “Капитализмыг алгасагч” зурагт хуудас бүтээсэн нь Монголын төдийгүй уран зургийн тухайн цаг үеийн нэгэн түүхийг бүтээн үлдээснийг энэ үзэсгэлэнгийн танхимаас харах боломжтой. Зургийнхаа тухай тэрбээр нэгэнтээ, “Энэ зураг маань “Харангуйгаас гэрлийн зүг” нэртэй юм л даа. Уул нь харанхуй нийгмээс морьтойгоо довтолгон орж байгаа гэдгийг үзүүлэх гэсэн юм. Тухайн үед улс төржүүлж ийм нэр өгсөн байх” хэмээн хуучилсан удаатай. 



Үзэсгэлэнгийн хаалгаар ормогц өөдөөс тольдох, Монголын дүрслэх урлагийн сор бүтээл, "Жаахан шаргын нутагт" /1965 он/ уран зураг нь социалист бүтээн байгуулалтын үе болон соёлын хувьсгалын нийгэмд үзүүлэх ач холбогдлыг монгол ахуй, төрхтэй хослуулан бүтээжээ. Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт данстай тус бүтээл 1986 оноос хойш Их тэнгэр цогцолборт нэр бүхий 17 зургийн хамт байршиж байсныг Монголын уран зургийн галерей 2020 онд алтан сан хөмрөгтөө эргүүлэн авчээ.


Тэрбээр, 1951 онд “Хавар цаг” зургаа зурж уран бүтээлийн замналаа эхлүүлэхдээ реалист чиглэлээр Монгол орныхоо гол үйл явдлыг бэлгэдэн үндэсний урлагийн өв уламжлалыг эрхэмлэн бүтээх эрмэлзэлтэй байв. Түүнчлэн, Монголын дүрслэх урлагт хулдаасан бар, хөөмөл, өнгөт ветражийн төрлийг үндэслэсэн бөгөөд 1963 оноос ДУДС-ийн захирал, уран сайхны удирдаач, мэргэжлийн ахмад багшаар ажиллаж, Монголын дүрслэх урлагийн салбарт 50 гаруй гарын шавь, 500 орчим зураач, урчуудыг сурган хүмүүжүүлжээ. Тэдгээр шавь нарынх нь заим төлөөлөл өнөөдрийн үзэсгэлэнд өөрсдийн уран бүтээлээрээ оролцсон нь бас нэг онцлог байлаа.



Д.Амгалан 1962-1990 онд МУЭ-ийн удирдах бүрэлдэхүүнд ажиллаж, БНМАУ-ын АИХ-ын депутатаар 2 удаа сонгогдон, 1969 онд “Өлгий нутгийн минь өглөө”, “Ерөөл” бүтээлээрээ Монгол Улсын Төрийн шагнал, 1975 онд Монгол Улсын “Ардын зураач”, 1981 онд “Алтан гадас” одонгоор шагнуулж байжээ.


Үзэсгэлэн есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ