ДАРХАН-УУЛ: Монгол нохой нь соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах нэг төрөл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-28 15:41:42

Дархан /МОНЦАМЭ/. "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Дархан-Уул аймгаас оролцсон соёлын өв, өвлөн уламжлагчдын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.  


Аймгийн хэмжээнд соёлын биет бусын өвийн 90 гаруй өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг аж. Эдгээрээс 50 гаруй нь "Нүүдэлчин-2023" фестивальд оролцжээ.


Соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах нэг төрөл нь Монгол нохой ажээ. Дэлхийн анхны нохой гэж судлаачид үздэг бөгөөд хүн төрөлхтний хамгийн анх гаршуулж тэжээсэн зэрлэг амьтны нэг нь нохой аж. Монгол нохойн генийг алдагдуулахгүй байх, нүүдэлчин ард түмэнд дахин тэжээхийг уриалан өөрөө өсгөн, үржүүлж хамгаалдаг Дархан сумын иргэн А.Нямпүрэв "Нүүдэлчин" соёлын наадамд өөрийн нохойгоороо оролцжээ.


Нэршлийн хувьд Монгол нохой, Монгол банхар гэдэг дээр одоог хүртэл маргаантай байдаг ч энэ нь яаралтай хамгаалах соёлын биет бус өвд орсон аж.


Соёлын биет бус яаралтай хамгаалах өвийн байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл, уламжлалт арга ухаан ай савын ан ав хийх арга ухаан, зан үйл, нохойгоор ан хийх, сургах, ангийн мөр шинжих мэдлэг, ан агнуурын холбогдолтой уриа дуудлага өвүүд болон уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага ай савын ан агнуурын холбогдолтой уриа дуудлага өвийн төрлүүдээр Монгол банхар болон тайга нохойтой оролцсон аж. 


Түүнчлэн өсгөн, үржүүлж хамгаалж буй нохойгоо олон нийтэд таниулах, сурталчлах талаар мэдээлэл өгөх, устахаас хэрхэн сэргийлэх талаар сонирхсон иргэдэд мэдээлэл өгсөн аж. Соёлын биет бус өвийн долоо дахь үеийн өвлөн уламжлагч А.Нямпүрэв найм дах үеийн өвлөн уламжлагч хүү Н.Үйтүмэнгийн хамт оролцсон байна.


Тэрбээр_ Монголчууд нохойгоо нас гүйцэхэд сүүлийг нь тастаж “Дараа төрөлдөө хүн болж төрөөрэй” хэмээн ерөөгөөд аманд нь шар тос үмхүүлээд энгэр газар оршуулдаг. Малаа мянга хүрэхэд нохойндоо хүндэтгэл үзүүлж, идүүрт нь хүрэл зоос хадаж өгдөг. Мал хоёр мянга хүрвэл мөнгөн зоос хадаж өгдөг. Улмаар гурван мянга хүрвэл алтан зоос хаддаг хэмээн дөрвөн нохдын идүүрийг өөрөө урлаж зоос хадаж өгснөө ярьж байлаа.


Ташрамд дурдахад, түүний ноход нь 2020-2023 онд тасралтгүй улсын аваргын үзэсгэлэн тэмцээнд хамгийн их шагналт байруудыг эзэлсэн, Банхар үзэсгэлэн тэмцээнд анхны улсын аварга, Хасар нохойны төвийн бүсийн “Дархан тайж Хасарын нэрэмжит үзэсгэлэн тэмцээн”-ийг 2023 оны хавар зохион байгуулсан юм.


Холбоотой мэдээ