ӨМНӨГОВЬ: “Гурван сайхан тойром” шагайн харвааны наадам

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-27 14:09:05

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Монгол Улсын үлэмж дархан мэргэн, СГЗ Д.Басхүүгийн нэрэмжит "Гурван сайхан тойром" шагайн харвааны нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна.

 

Тус тэмцээн 2023 оны наймдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Ханхонгор сумын Мандах баг дахь Ханбогд жуулчны баазад зохион байгуулагдаж байгаа бөгөөд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Хэнтий, Баянхонгор, Хөвсгөл, Завхан зэрэг найман аймгийн 68 багийн 560 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Тэмцээний хамгийн залуу оролцогч 8 настай,  ахмад нь 95 настай харваач байна.  

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн ивээл дор анх удаагаа зохион байгуулагдаж буй шагайн тойром харвааны үеэр шагайн харвааны өв соёлын үзэсгэлэн, соёлын өвийг тээгч урлаачдын бүтээлийн худалдаа, нүүдэлчдийн нэг өдөр соёлын арга хэмжээ, Д.Басхүү агсны дурсгалын үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг  үйл ажиллагааг зохион явуулж байна.

 

Цаашид жил бүр уламжлал болгон зохиогдох “Гурван сайхан тойром харваа” нь шагайн харваачдын өв соёлыг хөгжүүлэх, говь нутгийнхаа залуу хойч үед сурталчлан таниулах түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 

Монгол Улсын үлэмж дархан мэргэн, СГЗ Д.Басхүү агсаны үндэсний шагайн харвааны хөгжилд оруулсон хувь нэмэр үлэмж их. Тэрээр шагайн спортыг олон улсад түгээн дэлгэрүүлэхийн төлөө амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан төдийгүй шагайн харвааны үндэсний спортын хамгийн анхны гавьяат зүтгэлтэн, соёлын өвийг өвлөн тээгч билээ.

 

Д.Басхүү агсан нь Монголын Шагайн Харвааны Холбооны Ерөнхийлөгчөөр 11 жилийн хугацаанд ажиллаж шагайн харвааг үндэсний баяр наадмын дөрөвдэх төрөл болгож, харваачдад спортын мастерын зэрэг цол олгох, улс, аймгийн цол, энгэрийн болон малгайн тэмдэг, малгайн залаатай болгохоор гадна ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад шагайн харвааг анхлан бүртгүүлэх ажлыг санаачлан зохион байгуулж байжээ.

Өмнөговь аймгийн шагай харвааны баг тамирчид 2023 оны улсын баяр наадмын түрүүг хүртсэн бөгөөд 10 жилийн дараа наадмын түрүүг дахин аймагтаа авчрсан юм. 

Холбоотой мэдээ