ӨМНӨГОВЬ: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн галт тэргэнд ойр орчмын малчдын мал дайруулан эрсдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-24 18:34:37

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн галт тэргэнд малчдын мал дайруулан эрсдэж буй нөхцөл байдлыг судалж, шийдвэрлэх ажлын баг томилогдон ажиллаж байна.

 

Тодруулбал, төмөр зам дагуух бүс нутгийн малчид малаа гал тэргэнд дайруулах эрсдэл ихээр гарч малчид  эдийн засаг, сэтгэл санааны хохирол амсдаг юм. 



Энэхүү асуудлыг шийдвэрлэж малчдыг хохиролгүй болгох зорилгоор нөхцөл байдлыг тодорхойлон газар дээр нь ажиллаж малчдын хохирлыг тогтоох, барагдуулах, гарц гаргалгааг судлах зорилгоор ажиллажээ.

 

Тус Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь байгальд ээлтэй хашлага хаалтгүй Монголд байгаа ганц зам. Энэ утгаараа шөнө болон харагдах орчин хязгаарлагдмал үед мал галт тэргэнд дайруулах эрсдэл илүү үүсч байгаа талаар аймгийн БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх онцлон хэллээ.

Тус ажлын баг 2023 оны наймдугаар сарын 23-ны өдөр төмөр зам хариуцсан албаныхан, малчид, сумдын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.  

 

Уулзалтаар малчид хамгаалалтын торгүй тээвэр цаашид үргэлжилвэл нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг хэлж, хамгаалалтын тор татуулах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн бөгөөд төмөр замын удирдлагуудын зүгээс хамгаалалтын тор татах ажлыг Засгийн газарт уламжилж БОАЖЯ-ны шийдвэр гарвал ажлыг эхлүүлэх болно гэлээ.

Өнөөдрийн байдлаар галт тэргэнд Манлай сумын хэмжээнд 3 багийн 28 өрхийн 57 бод, 151 бог дайруулж хорогдсон мэдээлэл байна. Хохирсон малчдад нөхөн олговор өгөх боломжгүй гэдгээ төмөр замын удирдлагууд мэдэгджээ.

 

Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх:

-Төмөр замын урд хэсгийг Тавантолгойн төмөр зам, зүүн хэсгийн Зүүнбаянгийн төмөр замыг Монголын төмөр зам компани хариуцаж байна. Байгаль орчны яам, Байгаль хамгаалах сангаас төмөр замын удирдагуудад зөрлөгийн бүсдээ хориг хашааг хийж бусад хэсэгт хориг хашаа хийхгүй байхыг хүссэн юм билээ. Монголын төмөр зам тус хүсэлтийг хүлээн авч төмөр замын хамгаалалтын тор хашааг хийгээгүй. Энэ нь байгалийн зэрлэг амьтандаа ээлтэй юм. Гэвч энэ бүс нутаг малчид ихтэй, мал олонтой учраас мал галт тэргэнд дайруулан эрсдэх асуудал гараад байна. 2022 оны гуравдугаар сараас хойш олон тооны мал эрсдсэн. Яг бүртгэж албажуулж цагдаагийн байгууллагад ирсэн 13 хүний гомдол байна. Галт тэргэнд дайруулсан малын тоо нь 250 гаруй гэсэн албан бус тоо байгаа юм. Уулзалтаар малчдын хохирлын хэмжээг нарийвчлан тогтооё гэж ярилцсан. Харин малчид хамгаалалтын хашаа хийж өгөхийг хүссэн саналыг олонх нь гаргасан. Хамгаалалтын хашаа торыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эсэргүүцдэг бол Зам, тээврийн хөгжлийн яам хашааг дэмжиж  байгаа. Бид газар дээр нь очиж ажилласан нөхцөл байдлын үнэлгээг шийдвэр гаргах түвшний холбогдох албан тушаалтнуудад танилцуулна. Монголын төмөр зам, Тавантолгойн төмөр зам зэрэг байгууллагын удирдлага, Өмнөговь аймгийн Засаг дарга гээд удирдлагын түвшинд уулзалтыг зохион байгуулвал илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.  Төмөр зам дээр эрсдэж байгаа малын хохирлыг малчдад барагдуулах боломжгүй гэж Монголын төмөр зам компаниас мэдэгдэж байгаа. Ер нь хуулиараа төмөр замын бүс рүү мал оруулахыг хориглодог. Харин эргээд мал мөргөөд галт тэрэг осолдвол малчин хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй болох магадлалтай юм байна. Гэвч манай аймгийн ХХААГ-аас малчдынхаа эрх ашгийг хамгаалах, хохирлыг төлүүлэх боломж гаргалгаа байгаа талаар судлан ажиллаж байгаа. Энэ удаагийн уулзалтаар ерөнхийдөө малчдад мэдээлэл өгөх, хоёр талын нөхцөл байдлыг ойлголцох, гарц гаргалгааг талуудын  санал дээр тулгуурлан гаргах зорилготой байлаа.

Холбоотой мэдээ