“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 1100 гаруй өвлөн уламжлагч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2023-08-18 16:39:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол соёлын биет бус өвийн их наадам өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны өвөр байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулж байна. Наадмын нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин нар оролцож үг хэлэв. 


Энэ удаагийн наадмыг Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын шинж чанартайгаар зохион байгуулж байгаа юм. Фестивальд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн өвлөн уламжлагчдын отгоос гадна ахуй соёл нэгтэй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид болон ОХУ-ын Якут Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс зэрэг 10 гаруй улс орны төлөөлөгчид болон дипломат төлөөлөгчийн газрууд, ЮНЕСКО-ийн олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.


21 аймаг, нийслэл, оролцогч улс орнуудын өвлөн уламжлагч, ардын авьяастнууд нутаг нутгийнхаа уламжлалт зан үйл,онцлогийг илтгэсэн язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрээ гурван өдрийн турш олон нийтэд сонирхуулах юм.


Нүүдлийн соёл иргэншлийн өвийг баяжуулан хөгжүүлэгчдийн зан үйл, баяр наадам үргэлжлэх хоёр дахь өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 19-нд “Нүүдэлчин” их тайзнаа “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт болох бөгөөд урлаг соёлын алдартнууд оролцоно.


Фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчин оролцож байна.


Харин фестивалийн сүүлийн өдөр аймгуудын язгуур урлаг, өв  соёлын хөтөлбөрөөр үргэлжилж, “Нүүдэлчдийн гоёл” үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, оролцогчдын нэгдсэн тоглолт болно. 


“Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт, өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, үндэсний спортын 15 төрлийн уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 167 аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа, орон орны уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн худалдаа энэ их наадмын үеэр болох юм.


Соёлын биет бус өвийн “Нүүдэлчин” их наадмын анхных нь 2018 онд Улаанбаатар хотын Хүй долоон худагт болсон бөгөөд соёлын биет бус өвийн 5 ай савын хүрээнд 27 засаг захиргааны нэгжийн 2697 өвлөн уламжлагч оролцож байлаа. Харин өнгөрсөн жил 7 ай  савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд аймаг, нийслэлийн 23 угсаатан 1283 өвлөн уламжлагч, иргэдийг хамруулан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт наадмыг зохион байгуулсан.




Холбоотой мэдээ