“Бүгд чамд хайртай” жүжгийг ирэх сарын нэгнээс толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын нэгнээс МҮЭСТО-ны тайзнаа толиуулна.
“Орфей” театрынхан өнгөрсөн онд АНУ-ын зохиолч Жон Патрик
Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрам жүжгийг үзэгчдэд
хүргэсэн. Энэ уран бүтээлийг
М.Батболд найруулж, ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, ерөнхий зураачаар
О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор
Д.Нямхүү, хувцасны загвар зохион бүтээгчээр О.Булган нар ажилласан юм. Жүжгийн гол дүрээр жүжигчин О.Энхтуул оны
шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг
жүжигчнээр тодорсон. Тэгвэл “Broadway” театрын алдарт бүтээл болох тус жүжгийг шинэ нэр, шинэ бүрэлдэхүүн,
шинэчилсэн найруулгаар дахин тоглохоор болжээ.
Тодруулбал, “Бүгд чамд хайртай” сэтгэхүйн комеди драм төрлийн жүжгийн гол
дүрд О.Энхтуул, бусад дүрд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн
Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Баттөмөр, Э.Чинзориг,
Т.Сэргэлэн, Г.Отгонцэцэг нар тоглоно.
Хүнлэг сайхан сэтгэл хаанаас бий болдог, сайхан сэтгэлийг хэн нэгнээс өвлөдөг үү, үлгэрлэн суралцдаг уу, хүнтэй биш хөрөнгө мөнгөтэй, хүсэмжит
биетэй нь амьдрах болсон энэ цаг үед сайхан сэтгэл ямар дүртэйг, түүнээс ямар
чимээ гардгийг “Бүгд чамд хайртай” жүжгээс үзэх боломжтой аж.