Цэвэрлэх байгууламжийн өмчлөлийг яаралтай шийдэх хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл барих ажил 2013 оноос эхэлсэн. Барилгын ажлыг “Ардааган”, “Байгууламж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тоног төхөөррөмж нийлүүлэх, зөвлөх үйлчилгээг Франц улсын “Диграмон” компани гүйцэтгэж байна.
Дээрх компаниудын төлөөлөл Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал болон холбогдох хэлтэс, албадын дарга, төлөөлөлтэй уулзлаа. Хоёр улсын гэрээнд туссаны дагуу барилгын ажил 2015 оны 9 сард дуусах ёстой байсан боловч энэ оны 9 сарын 31 хүртэл сунгажээ. Гэвч энэ хугацаандаа дахин амжихгүй болсон тул Барилга, хот байгуулалтын яаманд хандахаар болсон байна. Уг өргөтгөлийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.
Барилга хугацаандаа амжихгүй байгаагийн гол шалтгаан нь улсын төсвийн санхүүжилт удаашрах зарим тохиолдолд төсөвлөгдсөн хөрөнгө нь төсвийн тодотголын үед хасагдсан байна. Үүнээс гадна өргөтгөлийн өмчлөгч нь тодорхойгүй байна. Учир нь одоо ашиглагдаж буй цэвэрлэх байгууламж нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн мэдэлд байдаг боловч өргөтгөл дууссаны дараа “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-т харьяалах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа ажээ. Үүнийг ойрын хугацаанд шийдэх хэрэгтэй байна гэж төслийн багийнхан хэллээ. Өргөтгөлийн барилгыг Франц улсын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлтийг Монгол Улс Засгийн газрын хүрээнд ярилцаж шийдвэрлэх юм. Энэ жил уг төсөлд улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг баталжээ.
Б.Оюун-Эрдэнэ