Колумбид гал зогсоох хэлэлцээр үйлчилж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-04 14:27:48

БУЭНОС-АЙРЕС. /ТАСС/. Пүрэв гаргаас эхлэн хоёр талын хооронд гал зогсоох тохиролцоо үйлчилж эхэлснийг Колумбын засгийн газар ба босогчдын “Үндэсний чөлөөлөх арми” бүлэглэлийн төлөөлөгчид мэдэгдлээ.


Колумбын дотоодод үүссэн зөрчлүүдийг шийдвэрлэх зорилгоор тус улсын засгийн газар "Үндэсний оролцооны хороо"-г байгуулжээ. Тус хорооны үйл ажиллагааны нээлтийн ёслолд оролцсон босогчдын бүлэглэлийн удирдагчдын нэг Пабло Бельтран хэлэхдээ “хяналтын найдвартай механизм бүхий гал зогсоох тохиролцоо өнөөдрөөс үйлчилж эхэлж байна. Хоёр тал тохиролцоог мөрдөн сахих эрмэлзэлтэй байгаа нь хамгийн чухал” гэлээ.


Түүний ярьснаар, эхний зургаан сарын хугацаанд давшилтын ажиллагаа явуулахгүй, зөвхөн хамгаалалтын ажиллагаа явуулах ёстой гэдэг дээр талууд анхаарлаа төвлөрүүлэн ажиллах аж.  

 

2016 онд Колумбын засгийн газар ба босогчдын “Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин” гэдэг байгууллагын хооронд гал зогсоох гэрээ байгуулснаас хойш олон мянган хүнийг эгнээндээ нэгтгэсэн “Үндэсний чөлөөлөх арми” /ҮЧА/ босогчдын цорын бүлэглэл болж үлдсэн байна. 2016 оны тохиролцоо нь хагас зуун жилийн турш үргэлжилж, 250 мянга гаруй хүний аминд хүрсэн цуст мөргөлдөөнийг зогсоосон билээ.  


Өнгөрсөн оны 11 дүгээр сард Колумбын эрх баригчид ба ҮЧА-ийн хооронд хэлэлцээ эхэлсэн бол энэ оны 6 дугаар сарын 9-нд Кубад хэлэлцээний 3 дахь үе шат дууссанаар талууд 8 дугаар сарын 3-наас ирэх оны 1 дүгээр сарын 29 хүртэл гал зогсоохоор тохиролцжээ.

 

Холбоотой мэдээ