Чехийн хөрөнгө оруулалтаар нүүрс коксжуулах үйлдвэр байгуулах талаар ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-14 16:42:25

Бүгд Найрамдах Чех Улс болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн хамтарсан уулзалт болов. Хоёр талын ийм уулзалт 2010, 2012 онуудад болж байжээ.

Уулзалтад БНЧУ-ын Гадаад Хэргийн Яамны дэд сайд Милослав Стасек тэргүүтэй Чех улсын 20 гаруй бизнес эрхлэгчид ирсэн бол Дархан-Уул, Орхон, Булган аймгийн нийт 70 гаруй бизнес эрхлэгчид оролцсон юм. Энэ үеэр тус аймгийн Засаг дарга С.Насанбат Дархан хотоо танилцуулж тэртээх 1961 онд Бурхантын хөндийд Дархан хэмээх их айлын суурь тавигдаж хөгжин дэвшихэд БНЧУ-ын дэмжлэг асар их байсныг онцлоод хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж жижиг дунд үйлдвэрлэл, байгаль хамгаалал, барилга, уул уурхайн салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Дархан хот нь ашигт малтмалын баялаг ихтэй учир төрөөс үүсч хөгжсөн цагаас нь л аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг баримталж ирсэн. Анх Чех Улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байсан Дарханы Цементний үйлдвэрийг хамтран хөгжүүлэх, нүүрс коксжуулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх тухай хэлэлцлээ.

Түүнчлэн 2014 оноос БНЧУ-ын буцалтгүй тусламжаар Шарын гол суманд хэрэгжиж буй “Ойн санг эрүүлжүүлэх, нөхөн сэргээх” төслийн хугацааг уртасгаж өргөжүүлэх сонирхолтой байгаагаа талууд илэрхийлж санал нэгдэв. “Бизнес уулзалт”-ын үеэр БНЧУ-ын Оломоуц мужийн Худалдааны танхим, Дархан-Уул аймгийн Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Уг санамж бичиг нь хоёр улсын бизнес эрхлэгчдийг хамтран ажиллах боломжоор хангах, харилцан мэдээлэл солилцож салбар бүрт туршлага судлахад ихээхэн ач холбогдолтой гэж аймгийн Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дарга С.Мэндхүү хэлэв. Ийнхүү гуравдахь удаагаа тус аймагт зохион байгуулагдсан Чех улс болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон боломжуудыг олгосон ач холбогдол өндөртэй уулзалт боллоо гэдгийг талууд онцоллоо.

                                                                                                                                                         Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ