Ёкозүна Терүнофүжигийн “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-25 15:04:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлт “Интерном”-д өнөөдөр боллоо.


Тэрбээр номоо нээж хэлэхдээ, “Би 6 жилийн дараа эх орондоо ирж байна. Энэ номыг 2 жилийн өмнө Японд байхдаа бичиж, япон хэлээр гаргасан. Олон хүнд хүрсэн. Хөгжлийн бэрхшээлтэй нэг япон залуу миний номыг уншаад, таны унаж босч, өөрийгөө ялж ирсэн амьдралын жишээ надад үлгэр дууриалал болж байна гэсэн нь их урам өгч байсан” гэлээ.


Ном яагаад бичих болсноо тэрбээр, амьдрал гэдэг заавартай ирдэггүй. Би 2010 онд мэргэжлийн сумогийн дэвжээнд анх хөл тавьснаас хойш бэртэл гэмтэл, ялагдал, ялалт олныг үзэж, түүнийгээ давж гарсан өөрийн түүхийг өгүүлье гэдэг үүднээс анх бичсэн. Одоо ингээд номоо эх хэлээрээ, монголчууддаа өргөн барьж байна гэв.


Сумогийн аваргын номыг сэтгүүлч Х.Эрдэнэцэцэг япон хэлнээс хөрвүүлж, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч М.Уянсүх ариутган шүүжээ. Номын нээлтэд бөхчүүд, яруу найрагч, зохиолч, жүжигчдийн төлөөлөл, Японы жуулчид оролцлоо. 




Холбоотой мэдээ