ХЭНТИЙ: Болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-13 16:17:18
Чингис /МОНЦАМЭ/. Хэрлэн голын усны түвшин үерийн түвшинд буюу 237 см-т хүрч зарим газраар эрэг даван үерлэжээ. Энэ сарын 12-нд Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Хэрлэн голоос нэг иргэний амь насыг аварсан байна.

Аймгийн Засаг даргын үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар гаргасан захирамжийн дагуу аймгийн хэмжээнд усны ослын дуудлага бүртгэгддэг газрууд болох Баян-Адарга, Баян-Овоо, Дэлгэрхаан, Хэрлэн сумын нийт 19 цэгт сэрэмжлүүлэх самбарыг албаныхан шинээр байршуулжээ.

Өмнө нь байрлуулсан самбарт засвар үйлчилгээ хийж, Баян-Овоо сумын нуур орчмын эрсдэл бүхий газрыг хашаалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ өдрүүдэд үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн Хэрлэн, Онон гол, Гүрмийн нуур, Аварга тосон нуурын эрэг дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид хамтран хөдөлгөөнт, завьт, явган эргүүлийг өдөр бүр 10-20 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллуулж байна.

Мөн үер усны нөхцөл байдал амрагч, аялагчдын хөдөлгөөнийг агаараас дрон ашиглан хяналт тавьж ажиллаж байна. Тодруулбал, гол нууруудын эрэг дагуу амарч байгаа 65 тээврийн хэрэгслийг бүртгэж, 549 иргэнд санамж, зөвлөмж хүргэж, хараа хяналтгүй голын усанд орж байсан хоёр хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орж байгаа тул аймгийн Онцгой байдлын газраас амарч зугаалж яваа иргэдийг голын ай сав газарт хоноглохгүй байх, баталгаагүй замаар голын эрэг дагуу зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг анхааруулав.
Холбоотой мэдээ