К.Рүлэнд: Монголд анх ирээд л Монгол орон, монголчуудад дуртай болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-12 17:08:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг гадаадын зочид гийчид, жуулчид өмнөх жилүүдээс илүү  олноор зорьж ирж, үзэж сонирхож байна.


Бид баяр наадмын зочдын нэг Нидерланд улсын иргэн К.Рүлэндтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонсов. Тэрбээр, 2013 онд Монгол Улсад анх ирж байсан. Ирээд л Монгол оронд, монголчуудад дуртай болсон гэдгээ хэлэв.


Тэрбээр, "Анх хөдөө явахдаа говьд очиход далай шиг их цэлгэр уудам тал газрыг үзээд, ийм диваажин шиг орон байдаг юм байна даа хэмээн бодож байсан. Монголчууд тал шигээ уужим сэтгэлтэй, тайван, их зочломтгой хүмүүс. Энэ нь Монгол орны эртний түүх, соёлтой холбоотой байх. 2021 оноос хойш Монголд амьдарч байгаа, цаашдаа ч танай оронд амьдрахыг хүсэж, зорьж ирсэн. Монголд ирсэндээ би их аз жаргалтай байдаг" гэв.


“Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор манай улсад “Монголын Эдийн засгийн чуулган”-ыг зохион байгуулж, гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Чуулганы зочид төлөөлөгчид Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхон монгол үндэсний өв соёлоор бахархаж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.

Холбоотой мэдээ