Б.Дөлгөөн: Бэрхшээлээ арилгаж байж эдийн засгийн чөлөөт бүсээ хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
uranatuya@gmail.com
2023-07-09 20:13:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


-Монголын Эдийн засгийн форум-2023-

 

Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлсэн “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын нэг томоохон хэлэлцүүлэг нь “Худалдааны боломж-Эдийн засгийн чөлөөт бүс” сэдвээр өрнөлөө.  

  

Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн уг хэлэлцүүлгийг удирдаж явуулсан юм. Түүнтэй уулзаж Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс хөгжих орчин байгаа эсэх, чөлөөт бүсийг хөгжүүлсэн орнуудын туршлага болон манайд ямар боломж, ямар бэрхшээл байдаг талаар ярилцлаа.

 

-Дэлхийн эдийн засаг дахь өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байна. Тэр өрсөлдөөн дундаас ашиг олоход нэлээд зам туулна. Манайд эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, худалдааны боломжоо илүү нээхэд мэдээж нэлээд хүч зарцуулах хэрэгтэй. Эдийн засгийн форумын нэг чухал сэдэв болсон энэ хэлэлцүүлгийн үеэр оролцогчид юу ярив?

-Чөлөөт бүсийн хөгжлийг урагшлуулахад хамгийн нэгдүгээрт хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нь чухал. Хөрөнгө оруулагчид сонирхолтой байх орчин гэдэг нь дан ганц хууль эрх зүйн орчноос хамаарахгүй зүйл. Дэд бүтэц хангалттай байна уу, үүн дээр бодлогын дэмжлэг байна уу гэх мэт олон асуудлаас хамаарч байдаг. Хэлэлцүүлэг хуралдаанд оролцогчдын ярьсан жишээнээс дурьдвал Арабын Нэгдсэн Эмират Улс л гэхэд 70 гаруй эдийн засгийн бүстэй, үүнийх нь 40 гаруйг нь чөлөөт бүс байдлаар хөгжүүлсэн байдаг юм байна. Тэдгээр нь өөр өөрийн гэсэн удирдлагатай боловч хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Мөн тэрхүү чөлөөт бүсдээ компаниуд хөрөнгө оруулалт татах, үйлчилгээгээ нэвтрүүлэх, өрсөлдөх зарчмаар үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Ингээд үр ашиггүй байгааг нь нэгтгэдэг хариуцлагын тогтолцоог бас хэрэгжүүлдэг. Урамшууллын тогтолцооноос гадна хариуцлагын тогтолцоог ингэж шударгаар хэрэгжүүлснээр амжилтанд хүрсэн бүсүүд цөөнгүй гэдгийг ярьж байна.  Яг энэ зарчмыг манайд нутагшуулах бүрэн боломж байгаа гэж миний хувьд ойлгодог.


-Чөлөөт бүсийг хөгжүүлэх замаар орон нутгийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эскпортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих гээд олон асуудал байна?

-Монгол Улсын хувьд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд энэ тал дээр өргөн хүрээний судалгаа хийсэн. Эндээс харахад манай аймаг орон нутгууд хэдийгээр өөр өөрийн гэсэн давуу тал байвч яг чөлөөт бүс тийм ч олон газар хөгжих боломж бололцоо тааруу. Учир нь хамгийн эхний бэрхшээлтэй асуудал нь дэд бүтэц. Мөн тэнд мөнгөний болон бараа таваарын урсгал байна уу, тийм урсгалыг бий болгох бололцоо байна уу гэдэг дээр бас эргэлзээтэй тал бий. Хоёр хөршийг дамнасан ачаа тээврийн урсгалыг өөрийн улсаараа дайран өнгөрүүлдэг болъё гэвэл аль аймаг илүү боломжтой вэ, хил дагуу тийм бүс байгууллаа гэхэд ямар үйлдвэрлэл үйлчилгээг зэрэгцүүлэн хөгжүүлэх вэ гэж харвал тийм ч олон газар байдаггүй. Гэхдээ боломжтой газруудаа хангалттай хөгжүүлэхийн төлөө ажиллах нь зүйн хэрэг. Тухайлбал Дорноговь, Сэлэнгэ аймгуудад худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг өргөн хөгжүүлэхэд ирээдүй сайтай. Бид цаашдаа Боомтын сэргэлтийн хүрээнд  төлөвлөсөн ажлуудаа амжилттай хийж чадвал Сүхбаатар, Ховд аймгуудад ч чөлөөт бүсийг хөгжүүлж өргөжүүлэх боломжтой.


-Монгол Улсын эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжилд хамгийн ихээр тулгамддаг асуудал нь дэд бүтцийн асуудал гэдгийг та дээр дурьдлаа. Гэсэн ч чөлөөт бүсүүдээ хөгжүүлэхэд анхаарлаа ихээхэн хандуулж байна. Юуны тулд?

-Шинэ сэргэлтийн бодлогын үндэслэлийг гаргаад харж байхад улсын хөгжил, эдийн засгийн хөгжлийг хойш татаж байгаа нэг зүйл бол дэд бүтцийн асуудал. Эрчим хүч, тээвэр логистик, төрийн чадамж, аж үйлдвэрийн хоцрогдсон байдал зэрэг нь яах аргагүй арагш чангааж байдаг. Гэхдээ бид яагаад чөлөөт бүсийг заавал хөгжүүлэх шаардлагатай байдаг юм бэ гэвэл нийтээр нь шийдэж чадахгүй зүйлээ тухайн бүс дотор нь шийдэх хэрэгтэй. Олон улсын маш сайн туршлагууд ч олон байна. АНЭУ, БНСУ-ууд энэ тал дээрх сайн туршлагын жишээ болж өнөөдөр яригдлаа.


-Боомтуудыг сэргээх замаар эдийн засгийн чөлөөт бүсүүдээ хөгжүүлэх бололцоо бий юу, ирээдүйн зураглал тодорхой байж чадаж байна уу?

-Боомтуудаа хэрхэн сэргээх вэ, аль нь ямар хүчин чадалтай, хаана хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ гэдгийг тодорхой тусгасан хөгжлийн төслүүд явж байна. Энэ хүрээнд боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, урсгалыг илүү нээлттэй, чөлөөтэй болгох тал дээр ч нэлээд зүтгэж ажиллаж байна. Татварын таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт бүс хөгжүүлэх бүх бололцоог ашиглана. Тулгардаг бэрхшээлүүдээ шийдэх асуудал нь өөрөө Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэх ёстой ажилд багтаад явж байна. Тэр бэрхшээлээ арилгаж байж бид хурдацтай хөгжиж байгаа төвлөрсөн газруудруугаа гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татах бодлого баримталж байгаа. Боломж ч бүрдэж байгаа. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр хэлэлцүүлэг өрнөөд явж байгаа. Төр юу хийх, хувийн хэвшил нь яаж ажиллах гэдэг зааг ялгааг тогтоосон хуультай болох нь чөлөөт бүсийн хөгжлийг хурдасгах нэг гаргалгаа юм. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ тухай мөн ярьсан. 

Холбоотой мэдээ