На.Сүхбаатар: Зүүнгар 600 мянга орчим хүн амтай, 150 мянган өрхтэй байжээ гэсэн тооцоо гаргасан байдаг

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-07-13 13:32:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн түүхийн тэнхимийн дэд профессор, түүхийн ухааны доктор Надмидын Сүхбаатартай Зүүнгар улсын түүхийн талаар ярилцлаа.


 Түүхчийнхээ хувьд 1676 оны сүүлчээр Галдан бошигт

Зүүнгарын улсыг байгуулсан гэж үздэг

-Зүүнгар улс, Зүүнгарын хаант улс гэж ярих юм. Энэ хоёрыг яаж ойлгох учиртай юм бэ?

-Зөвлөлтийн үед Монголын түүх бичлэг тэднээс хамааралтай байсан юм. Джунгарского ханства гэдэг нэр томьёоны шууд орчуулга. Зүүнгарын хаант улс, Богд хаант Монгол улс гэх мэт ийм нэршил их бий. Уг нь 1911-1919 оны хооронд дахь Монгол улсын нэр. Энэ үед засаглалын хувьд хаант улс байсныг тодотгоод нэрлэсэн байна. Харин 1924 оноос хойш бүгд найрамдах засаглалтай явж ирлээ. Дэлхий дахинд 20 дугаар зуунаас өмнө бүх улсад засаглал нэг хүний гарт төвлөрсөн, хаант засаглалтай байсан. Үүнийг заавал засаглалын хэлбэрээр нь тодотгоод байх шаардлагагүй. Зүүнгар улс гэж сүүлийн үед бид бичиж байгаа. Хаант гэдэг үгийг заавал ашиглах шаардлагагүй. Түүх бичлэгийн хөгжлийн явцад гарсан нэршил болохоос, улс бол улс.


-Тэгвэл Зүүнгар улс хэзээ байгуулагдсан гэж...

-Хэзээ байгуулагдав гэдэг дээр жаахан маргаан байдаг юм. Би бол түүхчийнхээ хувьд 1676 оны сүүлчээр Галдан бошигт улсаа байгуулсан гэж үздэг. Галдан хунтайж 1676 оны туршид улсаа хураан нэгтгэснээс гадна хууль цааз, засаг захиргааны шинэчлэл хийж засаглалыг нэг гарт авсан юм. Үүнийг батлах гол үндсэн баримт “Монгол-Ойрадын Их цааз”-д хийсэн нэмэлтүүд харуулдаг. Бас хөрш улсууд болох Халхын баруун гар Засагт хан, Манж Чин улс, Төвөдийн Далай лам, Орос улсуудтай харилцсан харилцаа, баримт бичгээс харагдаад байгаа юм. ОХУ-ын эрдэмтэд 1635 оноос Зүүнгар улс байгуулагдсан гэж авч үздэг, түүнийгээ зохиол бүтээлдээ тусгаад явчихсан байдаг.


-Та үзэл баримтлалаа хамгаалж ярих уу?

-Дөрвөн ойрадын чуулган дотор 1630-1640 оны хооронд маш их өөрчлөлт явагдсан байдаг. Энэ нь 1600-аад оны эхнээс явагдсан олон үйл явдлын үр дүн нь юм уу даа. Цорос аймгийн удирдагч Хар хул 1634 онд нас барсан юм. Түүнийг том хүү Баатар хунтайж залгамжлан гарч ирсэн. Баатар хунтайж тухайн үедээ хүчтэй лидер байжээ. Тэр хүн Ойрадын чуулганд Цорос аймгийн нэр төрийг өндөрт гаргаж ирсэн байна. Цорос аймгийн байр суурь Ойрад чуулганд хүчтэй болоход Ойрадын олон аймгууд гадагш газар нутгаа тэлсэн, эзэмшсэн үйл явц ч нөлөөлнө. Ойрадын нэг хэсэг 1607 оноос эхлээд дөрвөд, торгууд нар Эрчис мөрөн уруудаад, Ишим гол, Обь мөрөн, тэндээс баруун тийш Урал мөрөн гээд Оросын өмнө талаар хуучнаар Сибирийн хаант улсын газар нутгийг эзлэх замаар Европын зах Ижил мөрөнд очиж суусан. Энэ үйл явц 1607 онд эхэлж 1630 он хүртэл үргэлжилсэн. Тэд баруун тийш нүүсний хойно ард нь суларсан орон зай гарч бэлчээр нутагтай болж эдийн засаг сэргэжээ. Яг үүнтэй зэрэгцээд Төвөдөд өрнөсөн шарын болон улааны шашны зөрчилд ойрадууд татагдан оржээ. Ойрадын чуулганы шийдвэрээр Дөрвөн ойрадын их цэрэг 1637 онд Хөх нуурын бүс нутгийг байлдан эзэлсэн. Тэндээс нэг хэсэг нь эх нутагтаа ирсэн, Гүүш хаан тэргүүтэй хэсэг нь цаашаа давшиж Төвөдийг 1642 онд эзэлсэн юм. Төвөдийн шарын шашныхан “биднийг улааны шашны дарангуйллаас авраач ээ” гэсэн хүсэлтийг Ойрадын чуулганд ирүүлсэн тухай баримт байдаг. Ойрадууд шарын талыг нь өмгөөлж Хөх нуурт их цэрэг оруулсан байгаа юм. Хөх нуурт Хошуудууд голлосон, харин Ижил, Урал мөрөнд Торгуудууд голлон очиж суусан. Ийнхүү том аймгууд гадагшлахаар уг нутагтаа Цорос аймгийн байр суурь дээшилдэг юм байгаа биз дээ. Баатар хунтайж энэ үеэс эхлэн түүхэнд нэр гарч ирдэг. Ялангуяа Орос баримтад Баатар хунтайж их гарна. Баатар хунтайж тэргүүтэй Цоросууд газар нутгийн хувьд хойт хэсэгтээ Орос талдаа нутагладаг.  Ойрадуудын газар зүйн ойлголт одоо бидний ойлголтоос 90 хэмийн зөрүүтэй. Тэд газар зүйн хувьд хойд зүгээ зүүн зүг гэж үздэг. Харин өмнө зүгийг баруун зүг гэж хэлнэ. Хошуудууд буюу Хойдууд нь газар зүйн хувьд урд талдаа, Цорос, Дөрвөд аймаг нь хойд талдаа буюу өөрсдийнх нь ойлголтоор зүүн талдаа байна. Одоо ч гэсэн ийм ойлголт хэвээрээ байгаа. Оросын эрдэмтэд Ойрадын чуулганы зүүн гар болох Цорос аймаг ийнхүү илт хүчирхэгжин бүс нутгийн харилцаанд голлох нөлөөтэй болсон, бас Баатар хунтайж Цоросыг удирдах болсон 1635 оноос эхлэн Зүүнгар улс байгуулагдсан гэж үзээд байгаа юм. Энэ саналыг бусад эрдэмтэд бас дагасан, дэмжсэн байдаг.


-Хүн нэмбэл хүнс нэмэх ёстой гэсэн зарчим үйлчилж байна гэсэн үг үү?

-Тэр утгаар нь бас харж болно. Байгаль газар зүйн хүчин зүйлийг тухайн улс, үндэстний цэцэглэлт, мандал хөгжилтэй холбож ойлгож тайлбарласан судлаачдын олон санал бий. Монголчуудын 13 дугаар зууны хүчирхэгжилтийг байгалийн хүчин зүйлтэй холбож тайлбарласан ойлголтууд байдаг. Яг л иймэрхүү нөхцөл байдал Ойрадуудын хувьд 16 дугаар зууны эхэнд гарч ирсэн юм. Ижил мөрнөөс Хөх нуур хүртэлх өргөн уудам газар нутгийг эзэмшиж байна. Зүчийн удмынхны Алтан ордын сүүлчийн голомт Сибирийн хаант улс мөхсөн, Дундад Азийнхны хувьд тархай бутархай, овог аймгууд хоорондын нэгдэлгүй, хүчин буурай байв. Яг ийм үед Ойрад хүчирхэгжих замдаа орсон үе тохиож байна. Би өмнөх ярилцлагадаа Дөрвөн ойрадын аймгууд Чингис хааны хөвгүүдийн байгуулсан улсуудын байр суурь дээр байгуулагдсан, тэдний үр хойчис болж 16, 17 зуунд босч ирсэн аймгууд гэж онцолж байсан. Ойрадын сэргэлтэд Зүүн монголчуудтай тогтоосон харилцаа буюу эвлэрэл бас чухал нөлөө үзүүлсэн. 1552 оноос 1623 он хүртэл Түмэдийн Алтан хан, Ордосын Хутагтай Сэцэн хунтайж, Халхын Автай сайн хан, Засагт хан гээд 10 шахам довтолгоог ойрадууд хүлээсэн. Эцэстээ эвлэрэл, найрамдал ноёлж, холбоотон болсон нь ойрадууд хүн амаа өсгөх, сэргэхэд нөлөөлсөн байх. Мэдээж Монголчууд нийтээрээ бурхны шашин хүлээн авсан нь дотоодын дайн дажин буурахад дам нөлөөлсөн байдаг.  

-Зүүнгар улсын засаг захиргааны шинэчлэл, бүтэц, түүний эхлэл оргил үеийг хэлэх үү?

-Дөрвөн ойрад 4 аймаг дээрээ тулгуурлаад 4 улс байгуулах боломжтой байжээ гэсэн таамаглал байна. Ижил мөрөнд суусан ойрадууд Торгууд хаант улс байгуулсан /1654-1771 онд/. Хөхнуур, Төвөдийн өндөрлөгийг ойрадууд эзлэн суусныг Хошууд хаант улс гэж нэрлэдэг /1642-1718 он/. Харин уг нутагтаа Цоросуудаар толгойлуулсан Зүүнгар улс байгуулагдсан. Эрчис мөрөн, Ишим голын хөндий, бэлчир нутагт Дөрвөд-Хошуудын бас нэгэн улс байгуулах боломж байсан. Тийм оролдлого ч гарч байсан. Үүнийг дэлгэрүүлэн яривал их цаг орно. Таны асуусан ёсоор Зүүнгарын тухай л яръя.

Галдан хунтайж хааны эрх мэдэлд бүгдийг авахдаа эхэндээ өмнөх уламжлалыг дагаж улсаа зүүн, баруун гар болгоод баруун гарыг хунтайжаар удирдуулах болжээ. Хошуудын Хөндлөн увшийн удмын Данжиныг хунтайжаар өргөмжилсөн байна. Тэгээд удалгүй 1684 онд түүнийг огцруулан жинхэнэ утгаар нь улсаа нэгтгэн удирдсан. Ард түмнээ хааны шууд захиргааг хүлээдэг отог, тайж нар удирддаг анги гэж 2 хэсэгт хуваана. Өмнөх үеэс уламжлан ирсэн ноёд язгууртнуудад өргөн боломж олгож угсаа залгамжилсан тайж нарт “Анги” байгуулж өгсөн. Анги гэдэг нь ойрад хэлний хувь гэсэн утга. Бүр ойролцоогоор нь аймаг гэдэгтэй дүйцүүлэн ойлгож болно. Хожим Зүүнгар улсын хөгжлийн оргил үед 29 “анги”-тай болж тэлсэн байна. Харин Галдангийн үед хэдэн анги байсан бэ гэдэг нь одоогоор яг тогтоогдоогүй. 1740-өөд оны үед ийнхүү угсаа залгамжилсан тайж нарын “анги” тооны хувьд өсөөд 21-ээс 29-д хүрчээ. Дөрвөдийн 4, торгуудын 2, хошуудын 2, хойдын 9, киргизийн 2, үлдсэн нь цорос ангиуд байгаа юм.

 

                  Ойрадууд 1616 онд албан ёсоор шарын шашинд орсон байдаг

-Аймаг бүр өөр тоотой байгаагийн учир нь ...

-Аймаг буюу анги нь бүр эртнээс нааш угсаа залгамжилсан, том язгууртнуудын хувь юм. Хойдууд яагаад олон ангитай байв гэдгийг аваад үзье. Зүүнгар улсыг байгуулахад Хойдууд шууд бодлогыг нь дэмжээд явжээ. Тэд бусад ойрадууд шиг ийш тийш бөөнөөрөө шилжин суурьшаагүй. Уйгартай хил залган Тэнгэр уулын өргөн уудам хөндийгөөр суурьшсан юм. Тийм учраас тэдний язгууртнууд Зүүнгарт өндөр байр суурь хожим хүртэл эдэлж байлаа. Хошуудын ихэнх нь Гүүш ханаар удирдуулан Хөхнуурт, бас нэг хэсэг нь Авлай, Хөндлөн увшаар удирдуулан Ижил мөрөнд, Галданд цохигдсон Очирт цэцэн ханы албатууд Алшаад шилжин суурьшсан. Харин Хөндлөн увшийн зарим хөвгүүд Зүүнгарт үлдсэн. Зүүнгарт байсан Очирт цэцэн хааны хошуудыг бусад аймгуудад их тараасан байдаг. Энэ бүхнээс шалтгаалаад тэд цөөн ангитай байгаа юм. Дөрвөдийн 4 анги байна. Ер нь Дөрвөдүүд 1600-аад онд Ижил мөрний зүгт ихэнх нь нүүсэн байдаг. Өнөө үед ч Ижил мөрний Халимагийн 45 хувь нь дөрвөд. Ингээд уг нутагтаа байсан нь Зүүнгарын бүрэлдхүүнд орсон бөгөөд 4 анги. Торгуудын язгууртнууд 1550 он гэхэд 2 салаа болсон юм. Буйго өрлөгийн том хөвүүний удам Хо өрлөг, түүний хойчис ижил мөрөнд суусан бол 2 дахь хөвүүн Онхон цавчаачийн удам Зүүн гар болон Хөхнуурт суужээ. Онхон цавчаачийн удмынхан Зүүнгарт байж 2 анги болжээ. Дөрвөн ойрадын аймгууд хоорондоо худ ураг, авга нагацын гүн холбоотой. Энэ сүлжээн дээр Зүүнгар улс тогтсон гэж хэлж болно.


-Отог, жасын тухай ярих уу...

-Галдангийн үед 12 отог байгуулсан бололтой байгаа юм. Хожим үүнийг хуучин 12 отог гэж яриад байсан ч Галданцэрэн хааны үед өргөжөөд 26 отог болжээ. Хааны буюу улсын мэдэлд байх отгийг хаанаас томилсон зайсан удирдана. Ихэнх отог 3000 өрхтэй, 5-6 зайсан хуваан захирдагийг харахад 1 зайсан ихдээ 500 өрхийг захирдаг байжээ. Би өмнөх ярилцлагад “Зүүнгар улсад ардчилсан гэмээр засаглалын арга ухаан байсан” гэж онцолсон. Жирийн ардын дундаас эрдэм чадалтай, авхаалжтай хүнийг дэвшүүлэн төрд хэрэглэдэг байсан гэсэн утгатай.  Отог нь улсын гол албыг гаргадаг, их чухал үүрэгтэй. Отог бүр өөрийн үүрэгтэй, тусгай газар нутагтай, хүн амын хувьд үндсэн ойрад аймгуудаас бүрдээд, дараа нь гадаадаас авчирсан олзныхоор сэлбэгдсэн. Галдангийн үед шашныг дацан буюу сургууль байдлаар улсын санхүүжилтээр хөгжүүлж эхэлсэн байдаг. Энэ нь Зүүнгар улс мөхөх хүртэл хадгалагдсан. Халх болон Өвөр монголчууд хутагт залах, түүний дараа дүрийг тодруулах, хутагтад шавь өргөх, шавийн тоо ихсэх үед тамгатай, газар нутагтай болох зэргээр шашныг хөхүүлэн дэмждэг байсан бол ойрадууд дацан сургуульд тусгайлан жас байгуулж дэмждэг байжээ. Галдан эхлээд 3 дацангийн жас байгуулсан, дараа нь 5 болсон, 1740-өөд онд 9 жас болсон байдаг.


-Зүүнгар улсын бүтэц, шарын шашны зохион байгуулалт хоёр давхцаж яригдаад байна. Энд яригдсан улсын бүтэц шашны тогтолцоо  хоёрын аль нь Зүүнгар улсын суурь нь болсон юм бэ?

-Зүүн монгол /өвөр/ 1570-аад оноос бурхны шашин авсан, түүнээс хойш 10 жилийн дараа халхууд бурхны шашинтай болсон, түүнээс хойш 30-аад жилийн дараа ойрад 1616 онд албан ёсоор шарын шашинд орсон байдаг. Төвөдөд бурхны шашны олон урсгал, урсгал дотроо хутагт хувилгаад, сүм хийдээ дагаад салаалаад хөгжсөн. Бас шашин улстөртэй холбоо сүлбээтэй. Дотроо зөрчил их. Ийм нөхцөлд аль урсгал, хийдийг авах вэ гэдэг дээр ойрадууд чуулганаараа хэлэлцээд, шарын шашны 4 том хийдийн нэг, Дашлхүмбэ хийдийн загварыг  сонгосон байдаг. Энэ бол бодлого шүү. Ойрадад шарын шашныг Зая бандида Намхайжамц дэлгэрүүлж эмхэлж цэгцэлсэн юм. Бурхны шашны ном судрыг монгол хөрсөнд монгол хэлээр урихын тулд “тод үсэг” зохиосон гэдэг. Бурхны шашны олон арван судрыг монгол хэлэнд орчуулж тод үсгээр бичиж, “Ойрадын их хүрээ”-г байгуулсан хүн. Түүнээс хойш ойрадад сүм хийдэд төвөд хэлээр ном уншдаг бол айл гэрт болон овооны тахилга зэрэгт тод үсгээр, монгол хэлээр ном судраа уншдаг, монгол хэлээрээ шашны ойлгомжтой үйлчилгээ авдаг болсон мэт ажиглагддаг. Зүүнгарын Галдан бошготын үеэс эхлэн Зая бандидын үеийн хутагтад суурилсан шашны тогтолцоог халаад түүний хойт дүр, шавь нарт анхаарал хандуулалгүй орхисон бололтой. Харин дээр хэлснээр дацан сургууль шүтсэн тогтолцоог дэмжээд явсан байна. Энэ бол Галдан болон Зүүнгар улсын шарын шашиныг хөгжүүлэх гол бодлогын суурь нь юм уу даа.  


-Зүүн гарын оюун санааны хувьд шарын шашинтай байжээ. Шашныг төрт улсын үйл ажиллагаатай яаж уялдуулсан юм бэ?

-Тэрэлжийн Зуун модонд 1696 онд болсон дайны үеэр Зүүнгарын цэргийн жанжин Равдан, “Зонховын шашны төлөө гэж явсаар байгаад дөрвөн ойрад, долоо хошуу халхыг самарлаа чи” хэмээн Галданд хэлсэн байдаг. Энэ бол их хатуу үг байгаа юм. Галдангийн төрийн бодлогод шашин их байсан байна. Түүнийг цаашдын судалгаанд анзаарах хэрэгтэй болжээ. Ганц Зүүнгар гэлтгүй ижил мөрний Торгууд улс, Төвөдөд тогтсон Хошууд улсын бодлого үйл ажиллагаа Далай ламаас их хамааралтай байсан. Төвөдөөс хааны цолыг баталж байсан, тэд төвөдийн шарын шашны өглөгийн эзэн болсон. Зүүнгар улсын дараа дараагийн хаадууд Төвөдөөс лам залах, тэдний хийдүүдэд их хэмжээний өргөл барьц барих гээд маш их шашинлаг байсан байна. Төвөдөд Ойрадуудаас өргөсөн өглөгийн баримтыг дурдах юм бол өндөр тоо гарна. Маш их тоо гарна.


-Зүүнгар улсад шашны оролцоо өндөр байжээ. Тэгвэл тэдний удирдагч хаадын төрд  гүйцэтгэсэн үүргийн талаар одоо ярих уу?

-Галдан бошигт уугуул нутагтаа 1676-1688 он хүртэл байж хууль цааз, засаг захиргаа, гадаад бодлогын эрс шинэчилжээ. Энэ бол ойрадуудын урьд өмнө олж авч байгаагүй том том амжилтууд энэ жилүүдэд гарсан гэж хэлж болно. Хотон буюу Уйгурын Хами, Турфан, Ярканд,  Кашгар, Аксугийн бутралыг зогсоож тэр олон биеэ даасан улсуудыг нэгэн захиргаанд оруулсан юм. Хоёр зуугаад жил зүүн, баруун болж хоорондоо тэмцэлдсэн Цагаадайн хойчис ийнхүү шашны элдэв сектүүдийн ширүүн тэмцлийн дарлал золонгоос салсан юм. Галдан Уйгарт бурхны шашныг дэлгэрүүлэх оролдлого ч хийж байсан. Юу боловч тэнд газар авчихсан исламын шашны урсгалуудын хэт галзуурлыг хязгаарласан байна. Уйгурууд түүнээс хойш Манжид эзлэгдэх хүртлээ Зүүн гарын мэдэлд байсан, тэдний эсрэг том хэмжээний бослого, тэмцэл хийгээгүй. Тэгэхээр тэнд төрийн зөв бодлого явуулж чадсан байж таарна, тийм ээ. Зүүн гар улс түүнээс цааш Бухарын хаант улсыг эзэлж авсан юм. Түүний үр дүнд тэр үеийн худалдааны зам /торгоны/-ыг аюулгүй болгосон байна. Бухар, Хивийн хаант улсын худалдааны хотууд Хасаг тэргүүтэй олон улсуудын дайралтад өртдөг байв. Үүнийг цэгцэлжээ. Хасгуудыг дараа нь хяналтдаа авсан. Тэр хүртэл тэд маш олон овог, омог, аймгуудад хуваагдсан, дотоодоо үймээн, зөрчилд орсон байлаа. Бас тэд хэсэг бүлгээр дур зоргоороо дээрэм тонуул хийдэг байсан. Хасагт хийсэн тохинуулал Хасагийн дотоод эв нэгдэлийг буй болгосон. Тэр үеэс Хасагийн их жүзийн Тауке хааны улс төрийн манлайлал гарч ирдэг. Чингис хааныг 13-р зуунд даян дэлхийд энх тайван тогтоосон гэж ярьдаг биз дээ. Тэгвэл дундад Азийн бүс нутагт Галдан бошигт энх амгалан байдал, аймаг улсууд нэг толгой, хууль ёсны удирдагчтай болох, худалдааны аюулгүй замуудтай болсон юм. Үүнээс Зүүнгар улс ч өндөр ашиг олсон, бусад нь хүлээн зөвшөөрсөн, бүс нутгийн гол тоглогч хааны байр сууринаас бусадтай харилцах хэмжээнд хүрсэн байна. Энэ хүн, энэ 12 жилийн дотор маш их амжилтад хүрсэн гэж хэлж болно.


-Зүүн гарын Галдан бошигтын үе, дараагийн хаадын үеийн засаг захиргааны тогтолцоог тодорхой хэлэх үү?

-Зүүнгар улс нэг удирдлагатай, удирдагчаа “хаан” гэж хэлнэ. Харин хөрш Манж Чин улс тэдний удирдагчийг хунтайж хэмээн доордуулан нэрлсэнийг дагаж болохгүй, өөрсдийнх нь нэрлэснээр явах ёстой байх. Хааны доор 4 түшмэл байна. Энэ бол эртнээс нааш засаг захиргааны тогтолцоо 4-ийн тоог шүтсэнтэй холбоотой байх. Энэ 4 түшмэлийн 2 нь тайж, 2 зайсан цолтой. Тэдний доор Заргачийн газар байна. Түүнд 6 заргач сууна. Энэ 6 заргачийн 3 нь тайж, 3 нь зайсан байсан. Зайсангийн тогтолцоо бол Юань гүрний үеийн тогтолцоо бөгөөд төрийн албанд түшмэлийн байр сууриар хүчин зүтгэгчдийг бүгдийг нь зайсан гэж нэрлэдэг байжээ. Тэгэхээр дотроо алба хаах байдал нь өөр болохоос бүгд л зайсан. Дотроо отог хариуцсан зайсан, албач зайсан, мэдээч зайсан гэх мэтээр эрэмбэлэгдэнэ. Бас улсад шууд захирагддаг отгийг зайсангууд удирдана. Зүүнгар улсад захирагддаг Уйгар, Киргиз харьяа улсыг захирах тогтолцоо байсан. Бас үүнээс гадна харьяа аймгууд гээд Енисей, Сибирийн олон аймгийг төвөөс томилогдсон зайсан нар удирдана. Тухайлбал, 1703 он гэхэд тус бүс нутагт 17 аймагт зайсан томилж байсан. Жирийн ардын дотроос эрдэмтэй чадалтай, шударга, баатарлаг хүмүүсийг сонгон төрийн хэрэгт оролцуулдаг бага зэргийн ардчилсан шинжтэй зайсангийн тогтолцоог Галдан бошогт хэрэглэж байсан юм. Зайсанг албан хаагч болгохын тулд доод шатнаас бэлтгэдэг сургалтын тогтолцоо байсан хэрэг. Зөвхөн тайж засагладаг уламжлалт аргыг ингэж өөрчилсөн байна. Зайсан нар улсын гадаад харилцаанд чухал үүрэгтэй. Тэд элч болж хааныг төлөөлөн хэлэлцээр хийдэг байв. Онцгой гавьяа байгуулсан хүмүүст тусгай эрх, “хашиха” цол өгдөг байсан. 29 ангийг дотор нь баруун, зүүн гэж хуваана. Бас 26 отгийг баруун, зүүн гэж хуваана. Эдгээр нь 1740-өөд оны тогтолцоо боловч Галдан бошигтын үед тогтсон тогтолцоо юм.

                          Энх-Амгалан хаан Галдангийн эсрэг 4 удаа цэрэглэсэн хүн

-Галдан бошигт Цэвээнравдан нарын хэлхээ холбоо, харилцааны учир шалтгааны талаар ярих уу?

-Галдан ах Сэнгэ хунтайжийг 1670 оны сүүлээр залгамжилсан бололтой. 1671 оны цагаан сард түүний элч Манжид очиж байсныг бодоход. Цэвээнравдан тэр үед 6 настай байсан. 1665 онд төрсөн, Сэнгэ хунтайжийн ахмад хүү. Цэвээнравдан Галдангийн дэргэдээс бараг салаагүй өссөн. Галдан ахынхаа хаан ширээг аваад улс гэрээ төвхнүүлчихээд Цэвээнравданд хаан ширээг өгөх бодолтой байсан байх аа, тэдний харилцааны эхэн үед ингэж харагддаг. Орос улсаас элч ирэхэд Цэвээнравдан дандаа хамт байсан. Төрийн хэрэгт оролцож байгаа хэрэг л дээ. Энэ чинь бол хаан болгох бэлтгэл хийлгэж байсан нэг хэлбэр шүү дээ. Уйгурт гарсан бослого дарах, Хасагт цэрэг байрлуулах гээд маш үүрэг хариуцлагатай ажлыг Цэвээнравданаар хийлгэж байсан, ингэж л явсан авга, ач хоёр байгаа юм. Галдан 1680-аад оны сүүлээр анхны бодлоосоо буцсан байж болно. Цэвээнравдан ч нас биед хүрээд өөр бодолтой болсон байхыг үгүйсгэхгүй. Сэнгэ хунтайж Цэвээнравдан, Данжингомбо, Сономравдан гэж 3 хүүтэй. Данжингомбо бол Галданбошигтыг төгсөх хүртэл хамт явсан. Харин Сономравданг Галданг хорлосон гэж үздэг. Галданг Олгой нуурын дайнд явж байхад Сономравдан Ховдод амь үрэгдсэн. Энэ бол ээдрээтэй асуудал. Хаант улсын дотоод зовлон их, ордны үймээн самуун, хов жив, ятгалга ч байж болно. Цэвээнравдан Галдан хоёрын гол зөрчил эндээс эхтэй. Цэвээнравдан сүүлд Манжийн хаанд “Миний авга ах миний авах ёстой байсан хатныг булааж авсан” гэж бичсэн байдаг.  Ер нь иймэрхүү шалтгаанаас болсон уу, авгынхаа зүүн зүгт хийж буй дайныг эсэргүүцсэн үү, бослого гаргаж 1689 оны хавар Борталд шилжин суусан юм. Түүнийг ийм байдлаар нүүр буруулахад Галдан өөрийн биеэр цэрэг удирдан Тэнгэр уулын зүүн урд үзүүрт гүйцэж очсон байдаг. Тэр Улаан усан гэх газар байлдах болсон. Гэтэл тэнд дайн байлдаан болоогүй.


-Яагаад...

-“Сарны гэрэл”-д /Зая бандидын намтар/ бичсэнээр “үг барилдуулан элсүүлэх мэт үйлдсэн” гэснийг үзэхэд зайсангууд хооронд нь ятгаж зөвшилцөлд хүрсэн мэт. Тэнд зөвшөлцөөн, уулзалт ярилцлага болсон байна. Зүүнгар улсыг Бор тал, Ховд гэсэн хоёр төвтэй болгож хувааж эзэмших болсон бололтой. Галдан бошогт буцаад Тэсийн голд өргөөндөө буужээ. Уйгарын Турфан, Хами орчмын бүс нутаг болон Алтайн нурууны хэсэг Галданы мэдэлд үлджээ. Галдан хожим хүртэл Хамигаас хүнсний хангамж аваад л байсан нь ийм учиртай. Дараа нь Галдан 1689 оны намар 16 мянган цэрэгтэй Ховдоос мордож Манжтай байлдахаар хөдөлсөн байдаг.


-Галдан Манжтай хэзээ, хаана, хэдэн удаа, яаж байлдсан юм бэ?

-Галдан бошигтын үед Зүүнгар Манж Чин улсын хооронд 1671-1697 оны хооронд 88 удаа элч солилцсон байдаг. Манжийн элч 1682 онд анх удаа Зүүнгарт очиж байсан. Хоёр улс худалдааны өргөн харилцаатай байсан. 1688 оны 8-р сарын 28-30-нд Олгой нуурт болсон дайнаар Халхын Түшээт ханы цэргийг Зүүнгарын цэрэг ялсан байдаг. Үүнээс хойш Зүүнгар улс Манж Чин улстай шууд нүүр тулан дайны байдалд шилжсэн гэж хэлж болно. За энэ үеийн түүх яривал их урт юм болно. Хоёр этгээдийн хооронд 1690 оны 6-р сарын 21 нд Өвөрлөгч болон Халхын хилийн зааг Улхуй голд анхны дайн болсон. Энэ удаад Зүүнгар илт давуу ялалт байгуулжээ. Эндээс Галдан илт омогшил авч Бээжингийн зүгт давшиж Бээжингээс 300 гаруй км газар болох Улаанбутантад очиж тэдэнтэй байлджээ. Галдан 9-р сарын 3-ны шөнө эхэлсэн энэ дайнаар ухарсан. Чухам хэн ялсан бэ гэдэг тухайд судлаачдын санал зөрүүтэй. Манжийн цэрэг 50 мянга, 2-3 дахин их хүчтэй, бас ар араасаа нэмэгдэн ирсэн учир Галдан ухарсан байна. Энэ дайны дараа Манжийн хаанаас тэнд байлдсан цэргийн жанждыг хүндээр шийтгэсэн нь тэдний тал их хохирол үзсэн дайн болжээ гэж дүгнэхэд хүргэдэг. Галдан энэ дайнаас маш их мэдлэг, сургамж олж авсан. Манжийн цэрэг бол айгаад байх цэрэг биш байна гэдэг баттай ойлголттой болсон нь ажиглагддаг. Галдан тэндээс ухраад Онон голын эхэнд 1690 оны өвөл ирж өвөлжсөн байгаа юм. Хан хэнтий уул маань хориглолт, хамгаалалтын хувьд онцгой нутаг гэдгийг энэ түүх дахин харуулдаг. Галдан бошигт 1691 оны хавар Ховдын бүс нутагт очсноос хойш 4 жилийн хугацаанд тэнд “тэнхэрсэн” байна. Манж Чин улстай 1695 оны цагаан сарын дараа дахин байлдах хэмжээний хүчтэй болжээ. Энэ хооронд Галдан зүгээр байгаагүй, Өвөр Монголын ноёдод Манжийн захиргаанаас гарахыг, Манжуудад захирагдах хэрэггүй, хамтран тэмцэх тухай бичиг илгээсээр байжээ. Манжуудтай хоёр удаа байлдсан, бараг ялсан, айдасгүй болчихсон хүн амнаас ийм үг унах биз ээ.


-Өвөрлөгч болон Халхын ноёдтой нутгаасаа л захидал, бичгээр харилцаад байсан гэж ойлгож  болох уу?

-Тийм ээ, тэдгээрээс нэгийг нь маш тодорхой ярихад ойлгогдоно. Хорчины Түшээт ван Шажин ноён /Манжид анх ордог Хорины Убагийн хойчис/-той харилцаатай байж, тэд нууцаар элч солилцсон байна. Нэг удаа Галдангийн талынхан нэг хүнийг Шажины хүн гэж андуураад захидлаа өгөөд нууцаа ярьчихсан бололтой. Үүнийг мэдсэн, өмнө нь хардаж сэжиглэж байсан Шажиныг манжууд барьж аваад түүнд ял тулгасан байна. Харин Шажин “Чин улсад бид хэдэн үеэрээ зүтгэлээ. Би ийм зүйл хийгээгүй” гэж хэлсэн. Тэгэхээр “Чи үнэхээр сэжиггүй юм бол Галдантай үргэлжлүүлээд захидлаар харилц, дуудаж ирүүл” гэжээ. Шажинаар нэр барьж “Би Нон мөрнөөс, чи цаанаасаа, одоо Хэрлэнд хүрээд ир, хоёр талаас нийлж Манжийг цохино” гэсэн тохироог хийсэн. Галдан үүнд итгэснээс гадна Далай ламын нэр дээрээс харьцсан Дивын үгэнд орж Манжтай дахин байлдахаар 1695 оны хавар Ховдын бүс нутгаас хөдөлж өвөл нь Хэрлэнгийн Баян-Улаанд ирж өвөлжсөн дөө. Ингээд Манжийн хааны ов мэхэд орсон байгаа юм. Шийдвэрлэх дайн 1696 оны 6 сарын 12-нд Тэрэлжийн Зуун модонд болж Галдан ялагдсан түүхтэй билээ.


-Тэгвэл Манжийн тал дайнд сайн бэлдсэн байгаа даа...

-Манжийн Энх-Амгалан хаан Галдантай байлдах гэж 4-5 жил маш сайн бэлтгэсэн байдаг. Улаанбутанд хэрэглэж байсан зэвсгийг сайжруулж хөнгөвчилсөн, тусгалыг нь оновчтой болгосон. Дайнд бэлтгэнэ гэдэг цэрэг, морины асуудлаас гадна тактикаа боловсруулах явдал. Цэргийн жагсаалыг хүртэл шинээр зохион байгуулахаас эхлээд, байлдааны үед цэрэг ямар дүрмээр байлдах гээд хууль цаазаа хүртэл шинэчилсэн. Хөнгөн, хол тээх боломжтой их бууг олноор үйлдвэрлэх, цэргийг яаж хүнсээр хангах вэ гээд бүх шинэчлэлийг тэд хийсэн байна. Ийм бэлтгэлтэй Манжийн тал илт давуу хүчтэй Галдан тулалдсан байна. Манжийн талд Улаанбутангийн дайнаас авсан сургамж, цэргийн шинэчлэл үр дүнгээ энд өгчээ гэж хэлж болно. Энэ дайнд оролцсон Манжийн цэргийн жанжнуудын хожим бичсэн дуртгал, айлтгалууд нийтэд ил болсоор байна. Эндээс үзэхэд Галдан өөрийнхөө байгаа хүчин чадлаараа тэмцсэн бололтой байдаг.


-Манжийн цэрэг Галдантай байлдахдаа баримталсан цэрэг дайны ажиллагааны үзэл баримтлал ил болсон гэж ойлголоо. Илт давуу хүч гэдэг бол илт давуу хүчийг л хэлнэ. Энэ талаар ярих уу?

-Энх-Амгалан хаан дунд зам буюу гол хүчээ өөрөө удирдаж Шилийн гол /цахрын нутаг/, Дарьгангын нутгаар орж ирсэн. Зүүн замын цэрэг Галданг зүүн зүгт зугатахыг хааж Хэрлэн мөрний адагт, харин баруун замын цэрэг Онгийн голыг өгсөж давшжээ. Галдан баруун замын цэргийн замыг хааж өмнө нь таарах бэлчээрийг шатаасан нь их л зөв тактик болсон. Баруун замын цэргийг хэдэн хоногоор саатуулж, уналга, хүнсний малыг нь өвс тэжээлгүй болгож чадсан байдаг. Манжийн цэргийн бодит тоог тогтооход хэцүү, өсгөж нэмэгдүүлсэн гэмээр тоо сурвалжид бий. Энх-Амгалан хаан Галдангийн эсрэг 4 удаа цэрэглэсэн хүн.


-Галдан энэ дайнд үхээгүй, Энх-Амгалан хаан ялалтаа хүлээн зөвшөөрсөнгүй. Тэгээд яг юу болсон байх вэ?

-Галдан энэ байлдаанд үхээгүй. Манжийн тал буу зэвсэг, байрлал, хүн хүчний давуу талаа ашиглан байлдсаар 6-р сарын 12-ны шөнө тэднийг ухраасан. Ойрадын цэргийн эгнээ их бууны ширүүн галын улмаас эвдэрч ухарч зугатсан. Тэднийг 30 ли газар /15 км/ хөөгөөд манжууд цэргээ татсан байдаг. Энэ шөнө олзолсон хүн ам, мал сүрэг маш их учир үүр цайх үеэс манж жанжнууд ялалтын баяраа хийж эхэлжээ. Ойрадууд Өгөөмөр тийшээ ухарч гарчээ. Ялалт, олзондоо баярласан манж цэргүүд цааш нь хөөж явсангүй. Тэгээд Хэрлэн голын өмнө биед байсан Энх-Амгалан хаанд ялалтын мэдээ явуулсан. Мэдээ  хүргэхэд 2 хоногийн хугацаа хэрэгтэй. Мэдээгээ хүргэж ирэхэд Энх-Амгалан хаан маш их баярласан тухай тэр үеийн сурвалжид үлдсэн байдаг. Тэгээд “Галдан хаана байна” гэж асуухад түүнийг барьсан хүн байгаагүй. Энх-Амгалан хаан “Галданг барьж ирээгүй учир ялалт гэж тооцохгүй” гэж хэлээд Бээжин рүү буцсан байна. Яагаад яаралттай буцсан тухай судлаачид янз бүрийн санал хэлдэг. Хааны ордонд нэг юм болсон байх аа. Тэгээд Манжийн цэрэг Галданг хайж эхлэх нь тэр. Орхон, Туулын бэлчир хүртэл самнаад л. Хойшоо зугатсан гэж үзсэн бололтой.

 

Зүүнгарыг сэргийлэх зорилготой Манжууд 1715 оноос Бархөлийн замд 30 мянган,

Алтайн замд 20 мянган цэрэг суулгасан

-Тэд хаашаа явсан бэ?

-Дайны үеэр алга болсон эхнэр хүүхдээ хайсан зарим цэрэг Хан уулын орчимд буцан ирж манжийн харуулд баригдаж өчиг өгснөөс үзэхэд Галдан тэргүүтэн 6 дугаар сарын 28-нд “Тай хүрээ” буюу Тайхар чулуунд чуулган хийж байжээ. Байдал эвгүйтвэл Тамирын голд очъё гэж тохиролцсон бололтой. Галдан бол цаашид Манжтай дахин байлдана гэсэн байр суурьтай, үүнийг Данжила дэмжсэн байдаг. Зарим ноёд, жанжнууд Манжийн тал хүчтэй байна, Зүүнгар руугаа нутаг буцна гэх зэргээр санал нэгдээгүй таржээ. Ингээд Данжин-Омбо Хэм хэмчиг руу, Дугарравдан Ховд, Буянт руу, Галдан, Данжила нар Хүрэн бэлчирээр дамжин Алтайн нуруунд очсон. Бигэрт нэг хэсэг байгаад дараа нь Гэгээт, Харангуутын голд /Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг/ өвөлжсөн байдаг. Тэд Манжийн эсрэг тэмцлээ зогсоогүйгүй. Хөхнуур, Төвөд, Хами гээд боломжтой тал бүрт элч илгээж байв. Улмаар хойшлон Ацын гол, Амттай нуур хэмээх газар /Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг/ очих үед Галдан аргын тооллын 1697 оны 4 дүгээр сарын 4 нд нас барсан билээ. Энх-Амгалан хаан Галдангийн эсрэг 4 удаа өөрийн биеэр цэрэг удирдан аян дайн хийжээ. Эхнийх нь 1690 оны Улаан бутанд, хоёр дахь 1696 оны Зуунмодны дайнд, гурав дахь нь 1696 оны 9-р сард Хөххот, Ордосын нутгаар, дөрөв дэх нь 1697 оны 2-р сард Нянсягийн чиглэлд. Энх-Амгалан хаан Галдан бошогтыг нас барсанд туйлын ихээр баярлаж, баярын ёслол зохион байгуулж байсан тухай эх сурвалжид бий.


-Галдангаас үлдсэн Зүүнгар улсын тухайд?

-Цэвээнравдан Галданг нас барсны дараа өөрийн биеэ Зүүнгарын хаан гэж зарлаж эхэлсэн юм. Үүнээс өмнө 1695 онд Төвөдийн Дива 5-р Далай ламын нэр дээрээс “Эрдэнэ Зоригт хунтайж” цол олгож байсан юм. Цэвээнравдан 1689-1697 оны хооронд олон тохинуулал хийсэн. Ижил мөрний Торгуудуудтай гүнзгий харилцаа тогтоосон, Торгуудын Аюук хаан Сэтэржав хэмээх охиноо түүнд ураглуулсан, баруун талдаа Хасагуудтай зохих хэмжээнд ойлголцож, Төвөдийн Далай ламд өөрийгөө ойлгуулж чадсан гээд. Галдангийн үед Төвөдөд илгээсэн Хасагийн Тауке хааны хөвүүнийг Хасагтай ойлголцохын тулд 500 цэргээр хамгаалуулан хүргүүлсэн байдаг. Гэтэл Хасагийн Их жүзийнхэн тэднийг хороосон тул 1698 онд Хасагтай дайтсан. Түүний улс төрийн бодлого цэрэг дайн, эе эв бүгдийг хослуулан эхэлсэн юм. Манжууд 1691 оноос хойш Цэвээнравданаар Галданг баруун талаас нь цохиулах гэж олон удаа элч илгээсэн юм. Гэвч ийм алхам Цэвээнравдан хийгээгүй. Тэгэхээр тэдний 1689 онд хийсэн гэрээ амьтай байжээ. Манжууд Зүүнгарт шахалт үзүүлэх зорилгоор Хамид цэрэг суулгаж, олон зүйлийн шаардлага тавьсан байдаг. Галдангийн чандар, хатад, хүүхдүүдийг удаа дараа нэхсэн. Баруунаас нь Хасаг, хойноос нь Орос, зүүнээс нь Манж, ийм хүнд нөхцөлд Цэвээнравдан орсон. Эргэн тойрондоо дайснаар хүрээлэгдсэн түүнд зарим үед Манжийн шахалтыг биелүүлэхээс өөр гарцгүй болж байсан үе бий. Зүүнгар улс энэ хооронд сэргэсэн, хүн ам нь өссөн. Хүн ам өсөхөд Ижил мөрний ойрадаас Аюук хааны Санжав гэдэг хүү 15 мянган өрх буюу 60 мянган хүнтэй 1701 онд нүүж ирсэн байна. Түүхчид учрыг нь олж, зангилааг нь тайлаагүй л байна. Ижил мөрнөөс Зүүнгарт хяналт тогтоох бодлого байсан байж магадгүй. Аюук хаан Цэвээнравдан хоёр хадам эцэг, хүргэн хүү хоёрын гүн харилцаа байж болно. Цэвээнравдан албатыг нь аваад Санжавыг бариад, буцаагаад өгчихсөн. Санжав аавынхаа зөвшөөрөлгүй нутгаасаа гарсан байжээ. “Монгол-Ойрадын Их цааз”-д ийм нөхцөлд албатыг авч ноёныг барих гэсэн агуулгатай заалт бий. Торгуудуудыг Зүүнгар улс даяар отгуудад тараасан нь хүн амын өсөлт, сэргэлт болсон. Цэвээнравданд Төвөдөөс бодлогын дэмжлэг үзүүлж байсан. Ийм нөхцөл байдлын дунд тэр хүчирхэг хаан болж төлөвшсөн байна.


-Цэвээнравдан Манжид эзлэгдэхгүй гэдэг үүднээс хийж байгаа дайн  шүү дээ...

-Цэвээнравданы үед буюу 1691-1727 хүртэл Зүүнгар улс-Манж улс хоорондоо 50 гаруй удаа элч солилцсон байдаг. Манжууд 1715 оноос Алтайн болон Бархөлийн замд газар нутгаа өргөтгөх, Зүүнгарыг сэргийлэх зорилготой цэрэг суулгаж эхэлсэн, үүнийг ярьвал олон юм бий. Бархөлийн замд 30 мянган, алтайн замд 20 мянган цэрэг. Энэ бол цэрэг суулгасан жилүүдийн ихэнх цаг үед байсан цэргийн тоо. Гэтэл хоёр жилийн дараа хориглох цэрэг маань довтлох цэрэг болж хувирсан. Довтлох цэрэг гэдэг бол Зүүнгарыг эзэлнэ гэсэн зорилготой. 1721 онд Манжууд Зүүнгарт халдан довтолж эхэлсэн. Гэхдээ хэт гүн орохоос болгоомжилдог байжээ. Энэ үед Зүүнгарт цэрэг дайны туршлагатай Их Цэрэндондов, Бага Цэрэндондов гэсэн хоёр алдартай цэргийн жанжин гарч ирсэн дээ. Цаг үеийн шаардлагаар гарч ирсэн энэ хоёр цэргийн жанжин бол Цэвээнравданы үеэлүүд. Их Цэрэндондов бол Баатар хунтайжийн 7-р хүү Бумын хөвгүүн. “Бодлого хэцүү” гэж алдаршсан. 1716-1721 онд 6 мянган цэргийн хүчээр Гимилайн нурууны ар талаас нь давж Төвөдийг эзэлсэн дайныг удирдсан. Энэ дайны тактикийг дэлхийн цэрэг, байлдааны түүхэнд судалсаар ирсэн юм. Их Цэрэндондовын ач хүү Даваач хожим Зүүнгарын хаан болж байлаа. Нөгөө нь “Баатар” хэмээн алдаршсан Бага Цэрэндондов. Баатар хунтайжийн дүү Мэргэн дайчны ач хүү. Эрчис мөрөн өгсөж цайз барьсан Оросын Бухгольцын 2932 хүнтэй хээрийн ангийг бүслэн устгаж, зөвхөн 700 хүнийг амьдаар үлдээн 1716 онд олзлон авсан байлдааныг удирдаж нэрд гарсан. Хасагийн эсрэг дайн гээд түүнтэй холбогдох  дайчин замналыг ярьж дуусахгүй. Нэг удаа Бархөлийн цэргийн хороонд Галданцэрэнгийн элч хэмээн өөрийгөө нэрлэж очжээ. Элчийг барьж хориод захидлыг Бээжинд явуулдаг, тэндээ захидлын хариу иртэл элчийг 2-3 сар хорионд байлгадаг байж. Тэр энэ хооронд өөрийн биеэр Манжийн цэргийн байдал, байрлал, зэр зэвсгийг үзсэн байна. Дараа нь Манжаас айх зүйл байхгүй, сул тал ихтэй юм гээд ширүүн довтолгоонуудыг хийсэн тухай орос баримтад бий.


-Тэнд хоригдох хугацаандаа тухайн орчныг нүдээр үзээд Манжтай хэрхэн яаж байлдах байлдааны арга ажиллагааг тархиндаа боловсруулсан хүн болж таарах нь ээ...

-Бага Цэрэндондов олон удаагийн байлдааныг удирдсан хүн. Хожим ач хүү Нэмэхжаргал нь Зүүнгарын хаан ширээний төлөө Даваачтай өрсөлдөж явсан.


-Зүүнгар, Манж улсын хоорондын дайн байлдааны аваа өгөөний талаар...

-Манж, Зүүн гарын хооронд олон байлдаан өрнөсөн. Үүнд 1731 оны Турфаны, Хотон нуурын, Өдөн цөлийн, 1732 оны Хамигийн, 1732 оны Усан зүйлийн байлдаан зэрэгт Зүүнгарчууд ялалт олсон бол 1731 оны 7-8-р сард Эрдэнэ зууд ялагджээ. Эдгээр дайнууд Манжийн талд асар их хохирол авчрав. Дайн хийсэн жилүүдэд 60-70 сая лангийн зардал гаргаж эцэстээ дайныг санхүүжүүлж чадахгүйд хүрсэн гэдэг. Зүүнгар ч гэсэн эдгээр дайнаар туйлдан ядарч байжээ.


-Дайнаас өөр аргаар шийдэх арга зам, боломж байсан уу?

-Манжууд Оростой хил хязгаараа хэлэлцэж тохирох зорилгоор хойт болон баруун хил орчмын бодлогоо нарийсгасан. 1727 онд алдарт “Буурын гэрээ”-г байгуулсан даа. Манж-Оросын хилийн хэлэлцээрийн үр дагавар болж тухайн үеийн Халхын, одоогийн Монгол улсын хойд хил тогтсон. Манжийн төрийн бодлого ч гэсэн энэ замаар явж Зүүнгартай хил тогтоох зорилго өвөрлөсөн. Манжууд хоёр улсын хилийн гэрээ байгуулах гэж 1722 оноос эхлээд элч солилцож эхэлжээ. Манжийн санаа бол Хөхнуурын наад биед буй Гасын амнаас дээшлүүлэн Турфан, Бархөл, Хавтаг Байтагийн дундуур яваад Алтайн нуруунд хүрээд баруун тийш Алтайн нурууны хөвчийг барьсаар Енесейн Барлаг уул хүрнэ гэсэн. Зүүнгар улс бол үүний заримыг нь зөвшөөрсөн. Гасаас Алтайн уул хүртэлхийг байж болно, харин Алтайгаас хойшхийг огт зөвшөөрөөгүй. Ингээд 18 жилийн настай урт хилийн хэлэлцээр, газар нутгаа булаалдсан дайн эхэлсэн юм. Ойрадууд Алтай нуруу эртнээс манай нутаг, одоогийн Тувагийн бас манай нутаг гэж маргасан. Үүнийг батлах гэж олон баримтыг дэвшүүлэн тавьсан байдаг.

 

  Зүүн гарынхан II Богдыг залах гэж ирээд Шива ширээт хутагтыг

Тамирын гол орчмоос залаад буцжээ

-Цэвээнравданыг түүний хүү Галданцэрэн залгаж суусан. Гадаад дотоод бодлого өөрчлөгдсөн үү?

-Цэвээнравданы дараа 1727 онд Галданцэрэн хаан ширээнд суусан. Бас шууд суусангүй, хаан ширээний төлөөх тэмцэл болсон байдаг. Цэвээнравданы их хатан Төвөдөд тогтсон Хошууд улсын хаан ширээнд 1671-1701 онд суусан Далай хаан, түүний охин Гунгааравданаас төрсөн Галданцэрэн. Нөгөө нь Ижил мөрний Торгууд улсын хаан ширээнд 1674-1724 онд суусан Аюук хаан, түүний охин Сэтэржаваас төрсөн Лувсаншуну. Энэ хоёрын хооронд тэмцэл болсон байдаг. Уншигчид дээр нэрлэсэн хатад, тэдний эцэг, оролцогчдын нэр нөлөөг анзаарах бизээ. Зүүнгарын төрийн бодлого, ургийн хэлхээ гэдэг бол маш нарийн нягт, утга учиртай байгааг ургуулан ойлгоорой. Галданцэрэн бол 1697 оны үед төрсөн, эцэг Цэвээнравданаа дуурайсан баатарлаг эр, 30 насандаа эцгээ залгамжилсан. Бүх тохиолдолд эцгийнхээ талд зогссон, хожим ч энэ байх сууриа өөрчлөөгүй, бодлогыг нь хэвээр үргэлжлүүлсэн хаан байгаа юм. Галданцэрэн бас авьяаслаг цэргийн жанжин, зоригтой хүн байжээ. Хаан ширээнд сууснаасаа 4 жилийн дараа арав гаруй жилийн ужиг хилийн мөргөлдөөн, байнгын түгшүүрийг сөрж дайныг эцэс болгох үүднээс хоёр Цэрэндондовоор удирдуулсан цэргийг Бархөл, Ховдын чиглэлээр 1716-1717 онд явуулсан байна. Тэр нь цэргийн томоохон интервенц болсон байдаг.


-Энэ бол өөрийн улсын газар нутгийг төвшитгөж байгаа дайн биш шүү дээ...

-Тийм. Хөх нуур, Төвөд 1720 он гэхэд Манжид эзлэгдсэн. Зүүнгар улсын төрийн үзэл суртал, шарын шашинтай нягт холбоотой. Төвөдөөс ирдэг лам багшгүй болж, сургалтын систем алдагдаж, шашныг чиглүүлэх хутагт, хувилгаадгүй болсон байгаа юм. Зүүнгар улс Манжтай хийсэн 1731 оны хэд хэдэн дайнд ялалт олсны дараа Халхын 2-р Богдыг Ойрадад залж ирэх бодлогын үүднээс 1732 онд Эрдэнэ зуу хүртэл цэрэг илгээсэн. Гэтэл Манжууд тагнуулын аргаар мэдээд 2-р Богдыг Долоннуур руу нүүлгэчихжээ. Нэгэнт 2-р Богд байхгүй байсан тул Шива ширээт хутагтыг Тамирын гол орчмоос залаад буцсан байдаг. Ер нь Өндөр гэгээн буюу анхдугаар Богдыг Ойрадууд шүтэж байсан. Өндөр гэгээнд Цэвээнравдан захидал бичиж байсан, түүгээр зогсохгүй Зүүнгарт цэрэг оруулахгүй байх талаар Энх-амгалан хааныг ятгаж өгөхийг гуйж байсан. Өндөр гэгээн зуучийн үүрэг гүйцэтгэж байжээ гэж ойлгогдог. Өндөр гэгээний өмнөөс манжууд захидал бичиж байсан байж ч болно, тэр хамаагүй.


-Энэ бол тухайн үеийн шарын шашинтай холбоотой хэсэг байна. Зүүнгар улсын оршин тогтнолын талаарх яриа руугаа эргээд орох уу?

-Манж, Зүүнгарын хооронд 1733 оноос хилийн хэлэлцээр идэвхжсэн. Манжууд Ховдод байрлуулсан их цэргээ нааш нь татаж Улиастай, Түйн гол, Бигэрт нутгийн гүн рүү суулгаж эхэлсэн байна. Тэндээс эхлээд хилийн хэлэлцээр идэвхтэй явагдаж хоёр улсын хилийн хэлэлцээр 1740 онд дууссан юм. Хоёр улсын хил бараг л Зүүнгар улсын саналаар шийдэгдсэн байна. Алтайн нурууны наад талд хэн хэн нь нутаглахгүй өргөн уудам завсрын бүс тогтоосон. Өөрөөр хэлбэл, Халхын хошуу сум Чигжийн гол, Завхан гол, Хасагт хайрханаас хэтэрч нутаглахгүй. Буянт голоор хөвөөлөн хоёр талаас харуул сууна. Ойрадууд анги отог Алтайн нуруу давж нутаглахгүй, зөвхөн Ойрадын урианхайчууд нутаглан сууна. Харин энэ үеэс Зүүнгар улс зүүн талдаа аюулгүй боллоо гэж үзсэн байх, бодлого нь баруун талдаа шилжиж эхэлсэн байдаг. Хасагийн 3 жүз, Бухарын хаант улстай, хойноос Эрчис мөрний дунд урсгал хүртэл шахсан Оростой хэд хэдэн удаа дайн болсон байна. Галданцэрэн бол улс орондоо олон шинэчлэл хийсэн, хааны засаглалыг бэхжүүлсэн, 12 отгийг 26 болгож тэлсэн, сүм хийдийг цэвэр ариун дэг жаягаар нь нарийсгаж 9 жастай болгосон, том тайж нарын эрх мэдлийг хязгаарлаж тайж нарын нутгийг зааж өгч нутаг шилжүүлэн суулгадаг болжээ. Газар тариаланг хөгжүүлж, анги отог бүр тариа тарьж байв. Төмөр боловсруулж, дарь шүү хийж, цэмбэ нэхэж чаддаг улс болжээ. 4 талдаа дайсантай байж байнгын дайн тулааны дунд яаж оршин тогтнов, энэ улс хэдэн хүн амтай улс байсан юм бэ гэж Зүүнгарын түүх судалсан судлаачид гайхдаг.


-Зүүнгар яг хэдэн хүн амтай улс байсан тухай тодорхой тоо одоо бий юу?

-Манж Чин улс 1755 онд цэрэгтэйгээ судалгааны баг хамт оруулсан байна. Тэд хэдэн хүн амтай, газар нутаг, газраас гарах зүйл, эрдэнэс отог, ангиудын байршил, хүн амын тоог судалсан байна. Зүүн гар улс 150 мянган өрхтэй 600 мянга орчим хүн амтай байжээ гэсэн тооцоо гаргасан байдаг. Манжууд 50 мянган цэргийг 40 жил Зүүнгарын хил дээр байрлуулж эзлэн түрэмгийлэх дайн хийсэн. Энд асар өндөр зардал Манжаас гарсан. “Зүүнгарын газрыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг” хэмээх манжийн албан түүхийн оршилд Тэнгэрийн тэтгэсэн хаан үг бичсэн. Тэнд энэ хэдэн жилд 70 сая лан гаргасан гэж бичсэн байдаг. Нүүр тулсан ийм дайнд ийм хэмжээний цэргийн зардал гаргасан байхад, түүнийг тогтоон барих зардал Зүүнгараас лавтай их гарсан. Зүүнгарыг цэрэг дайны зардал их сульдаасаан.


-Манжийн гол зорилго бол энэ биз дээ...

-Тийм. Цэрэг дайны зардалд Өвөр монгол, Халхууд маш их чирэгдсэн. Тэнд хүнд хэцүү татварын систем үйлчилсэн шүү. Халх, Цахарын зарим нутагт адуу, тэмээний мах иддэггүй зан үйл саяхныг хүртэл байлаа. Энэ бол адуу, тэмээг цэрэг дайны зориулалтаар ашиглах, стратегийн зэвсэг гэж үзэх идэж хороохыг хориглож байсантай холбогдсон ёс заншил болж үлджээ.


-Манж хил дээр нь 40 жил цэрэг суулгаж байж эрхшээлдээ оруулж авсан байна. Тэднийг Манжид эзлэгдэхэд нь давагдашгүй гаднын хүчин зүйл, дотоод зөрчил хоёрын аль нь илүү нөлөө үзүүлсэн юм бол...

-Манжууд дотроос нь хуурамч захидал бичээд хил дээр баригдуулах, элч нарт үг заах зэрэг хутган үймүүлэх ажлыг нь маш их зохион байгуулсан байдаг. Галдангийн үед олзлогдож Цахарт суусан хүмүүсийг Зүүнгар руу явах элчийн хөтчөөр дагалдуулах, тэднээр Манжид очсоноор жаргаж байгаа талаар яриулах зэрэг олон төрлийн бодлого, одоогоор бол тархи угаах ажлыг хийсэн байгаа юм. Манжийн хаан өглөгч, их амгалан, энэрэнгүй, ороод ирсэн ойрад хүнийг онцлон жаргаадаг гэх мэт суртал ухуулга байнга явуулсан байдаг. Манжид бууж өгсөн ойрад хүн Цахарт очоод жаргаж байгаа тухай яриаг нийгэмд нь суулгаж чадсан. Хожим 1750-иад онд дагаж орсон ойрадууд нийтээр шахам “Цахарт суулгаж өгнө үү” гээд хүсээд байдгийн учир нь тэр.  Манжууд албатаа дагуулж ирсэн ноёнд, гэр бүлээрээ орж ирсэн хүнд, ганц биеэрээ орж ирвэл ийм зүйл олгоно гээд дүрэм гаргачихсан, түүнийгээ хэрэгжүүлсээр байсан. Эдгээр нь Зүүнгарын дотоодод тун эвгүй уур амьсгалыг бүрдүүлсэн байна. Гадаад хүчин зүйлээс хамаараад Манж, Киргиз, Хасагтай хиллэх газар нутагт тайж нарт төрөөс өндөр хангамж, эрх мэдэл өгч суулгасан. Өөрөөр хэлбэл төсөв их тавьжээ. Тэд цаадуултайгаа байлдаж нэр сүр нь улам нэмэгдэхийн хэрээр бие даасан том том язгууртнууд болох нөхцөл бүрджээ. Тэд яваандаа хаанд захирагдахгүй хүмүүс болж хувирах жишээний.


-Зүүнгарын төрийн бүтцийн гол цөм нь зайсангууд засаглалд орж ирсэн явдал гэж та хэлсэн байдаг. Зайсангуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг хаана яаж алга болсон юм бэ?

-Галдангийн үед үүссэн зайсангийн тогтолцоо сайн хөгжсөн. Яваандаа үе дамжсан зайсангууд гарч ирж зайсан нар нийгмийн нэг давхарга болтол хөгжжээ. Энэ нь яваандаа зайсангууд төрийн хэрэгт бүлэглэн оролцох хэмжээнд хүрч, Галданцэрэнгээс хойш хаан ширээнд хэн суух вэ гэдэгт зайсангууд нөлөөлж эхэлсэн гэж хэлж болно. Энэ чинь аль ч улсын түүхнээ байдаг эрх мэдэл хаана төвлөрснөөс болж үүсдэг хямрал юм байна.


-Галданцэрэн хаан, түүний дараачийн хаадын  тухай ярих уу...

-Галданцэрэнгийн үед Зүүнгар улсад цэцэг өвчин үе үе дэлгэрч олон хүний амийг авч одсон байдаг. Цэцэг өвчний тахал Зүүнгарын мөхөлд бас нөлөөлсөн хүчин зүйл мөн. Цэцэг өвчин суурин газар дэлгэрэхэд үхэх хүн маш цөөн, харин нүүдэлчдийн хувьд маш аюултай. Ойрадууд энэ өвчний хувьд бараг дархлаагүй юм шиг. Галданцэрэн хааныг цэцэг өвчнөөс зугтаалгаж Уйгурын хотуудад байлгаж байгаад өвчин дарагдсан гэж үзээд авчирсан боловч энэ өвчнөөр нас барсан байгаа юм. Галданцэрэн хаан Ламдаржаа, Цэвээндоржнамжил, Цэвээндаш гээд 3 хүүтэй байсан. Тэднээс хоёр дахь хүүдээ хаан ширээгээ өгсөн. Өөрөөр хэлбэл, 20 настай Ламдаржааг бус, 15 настай Цэвээндоржнамжилыг сонгосон. Үүнд, Цэвээндоржнамжилийг аавынхаа /Цэвээнравдан/ хойт дүр, сүнс гэж бодсонтой холбоотой. Бас их хатан болох Хошуудын Чагдаржавын охиноос төрсөн нь нөлөөлсөн байх. Зүүнгарын хаадын угсаа залгамжлалд Хошуудын ноёдтой хэдэн үе дараалж ураг барилдаж ирсэн уламжлал бий. Цэвээндоржнамжил  бол хууль ёсоор хаан ширээнд суусан хүн. Түүнийг ширээнд суухад Хойт Энэтхэгийн Базан хаан, Хасагийн хангууд, Бухар, Хотонгийн бекүүд, Ижил мөрний Торгуудын элч нар ирж баяр хүргэж байсан юм.

 

                                 Нэмэхжаргалын дараа хаан ширээний төлөө тэмцэлд 

                                                             Хойдын Амарсанаа орж ирсэн 

-Хаан ширээний эзэний төлөөх тэмцэл  яагаад гүнзгийрэх болов....

-Цэвээндоржнамжил 4 жил ширээнд суусан. Зайсангууд энд жинхэнэ хор хутгаж эхэлсэн дээ.  Сэвдэн хэмээх жанжны оролцоо энд их бий.. Сэвдэн бол Баатар хунтайжийн 9-р хөвгүүн Пунцагдашийн ач хөвүүн. Тэр бол алдартай цэргийн жанжин бөгөөд 1730-1732 онд Бархөлийн цэргийн тойрогт түүний удирдсан цэргийн ажиллагаа гайхалтай үр дүнд хүрсэн гэдэг. Түүний гэнэтийн, заль мэх хосолсон довтолгоонд Манжууд 7 мянган цэрэг, 10 гаруй түмэн адуу, тэмээ болон хүнсний малаа алдсан гэдэг. Хасагийн эсрэг1739-1741 оны, Бухарын эсрэг 1742-1746 оны дайныг удирдсан. Бухар, Самарканд, Хасаг чигийн түүхнээ нэр нь их гарна. Тэдний зүрхэнд шар ус хуруулсан хүн. Орос сурвалжид Септен гэж гарна. Цэвээндоржнамжилыг энэ хүн эсэргүүцсэнээс болж  хямрал гүнзгийрсэндээ, за тэгээд ярьвал их юм бий. Ахмад хөвүүн Ламдаржаа ч цэргийн нэртэй жанжин. Ингээд дотоодын тэмцэл болж нэг нэгнээ хороосоор 1753 он хүрсэн. Галданцэрэнгийн 3 хөвгүүн нас бараад байхгүй болмогц Цорос угсааны Их Цэрэндондовын ач Даваач, Бага Цэрэндондовын ач Нэмэхжаргал нарын хооронд хаан ширээний төлөөх тэмцэл өрнөсөн юм. Эцэст нь Даваач хаан болсноор эхний шатны тэмцэл дуусдаг юм.


-Даваач яагаад хаан болов...

-Галданцэрэн амьд сэрүүндээ “энэ олон тайж нараас Даваач л төр барьж чадмуй” гээд хэлчихсэн. Ийм гэрээслэлтэй. Даваач дээрх гэрээслэлийг ашигласан, зайсангууд гэрчилсэн. Даваач хаан болсныхоо дараа цэрэг гаргаж өгөөгүй, бас Нэмэхжаргалыг дэмжсэн гэж үзээд Дөрвөдийн Даш гэдэг ноёныг өргөөндөө авч ирээд хороосон байгаа юм. Тэгээд л Дөрвөдүүд амь зулбан Алтай нурууг даваад Манжид орсон. Манжуудын олон жилийн тогтвортой явуулсан бодлого үр дүнгээ өгч Зүүнгар улсыг бутаргаж эхэлж байгаа юм даа. Даваач их хартай сэртэй хүн байсан бололтой, нилээд олон хүнийг хороосон байна. Ялангуяа цорос удмынханаас миний тоолсноор 20 шахам ноёныг хороож байх юм. Даваач 1755 оны 6-р сарын 24 нд олзлогдсон байдаг


-Зүүнгарын Даваач хаан олзлогдсоноор мөхсөн хэрэг үү?

-Тэгж үзэж болно.. Тэрбээр 1753 оны эхээр хаан ширээнд суусан юм.  Нэмэхжаргалын дараа хаан ширээний төлөө тэмцэлд орж ирсэн хүн Хойдын Амарсанаа. Амарсанаа бол Цэвээнравдан хааны охин Ботулагаас төрсөн, хааны удмын зээ хүү. Ингээд Зүүнгарын дотоод хямрал улам гүнзгийсэн түүхтэй.


-Манжууд монголчуудыг төрд оролцох оролцоог нь байгүй болгох үүднээс “төрийн төлөө оготно боож үхнэ, гэгчээр чи юу билээ дээ” гэдэг хэлц үгийг гаргасан гэх юм. Манжийн үед ийм байдлаар төрөөс монголчуудыг хөндийрүүлэхээр гарсан үг хэллэг хэр зэрэг олон байдаг юм бол...

-Манжууд монголчуудыг номхон байлгах үүднээс олон арга хэрэглэсэн дээ. Шашныг ашигласан, бас ноёд язгууртнуудыг албат харьяаттай үлдээсэн тул нийгмийг чиглүүлэх удирдах үүрэгтэй ноёдыг хүүхэлдэй л болгосон. Түүний нэг нь таны хэлсэн “төр чамд ямар ч хамаагүй” гэсэн энэ санаа. Манжууд монголчуудыг тайжаар нь дамжуулж барьсан юм. Тайжийн хүүхэд маанаг дүйнгэ ч нэг ноён сууж л байдаг. Зүүнгарын эрдэм чадалтайг нь  ардын дотроос сонгож зайсангийн богодог тогтолцоо үр дүнгээ өгчээ. Харин сүүлдээ тэд хуйвалдааны үүр уурхай болсон. Засаглалын аль нэг тогтолцоо удахаараа илжирч өмхийрдэг, энэ нь бараг хууль мэт бололтой


-Галдан бошигтоос эхтэй энэ аян дайн гаднын нутагт эзлэн түрэмгийлсэн талаас нь бид ойлгоод байсан шиг байна. Таны ярихыг сонсохоор өөр дээр ирэх хор аюулыг холдуулах, Монгол төрийг байгуулах гэсэн санаа дундад зууны монголчуудад байжээ гэдэг ойлголт гараад ирлээ. Энэ урт хугацаа, асар их газар нутгийг хамарсан энэ дайн байлдааныг юуны учир яагаад бидний өвөг дээдэс хийсэн юм бол, түүхч, судлаачийн хувьд та юу гэж хэлэх вэ?

-Ойрад монголчууд оршин тогтнолыг л хүсч байж. Ойрад монголчууд амьд үлдэх, эх нутагтаа эзэн байхын төлөө л энэ тэмцлийг явуулсан. Монголоо сэргээх гэсэн зүйл өөрсдийг нь зовоогоод байсан юм уу гэж... Энэ бол үнэн шүү. Ойрадууд өөрсдийнх нь тод үсгээр бичсэн түүхдээ “Богд Чингисийн төрийг бариад хаан өргөөг тэтгэсэн” гэж бичсэн байна. Энд хэрэглэж байгаа өргөө гэдэг үг байшин гэдэг утгаараа биш, өргөө гэдгийг тэнд засаг, төр гэсэн утгаар хэрэглэсэн байгаа юм. Зүүнгарын ард түмэний   Манжид эзлэгдэхгүй байхын төлөөх  тэмцлийн бадрал бууралт хүнд их зүйл бодогдуулдаг. Бодохоос өөр гарц байхгүй. Зүүнгар улсын төр, төрийн бодлого Монголын эзэнт гүрний бодлогын үргэлжлэл, тэдний суурин дээр үүссэн монголчуудын түүхэн замнал. Дундад Азийн ард түмнийг ХХ зууны эхэн хүртэл Чингисийн үр хойчис л удирдаж байсан юм. Ойрадууд Хасагтай харилцаж байгаа харилцаа ч гэсэн энэ бодлого дотор байна. Тэдний ноёд бас л Чингис хааны угсааны, тодруулбал Зүчийн удмынхан. Хасагийн ноёдыг барьж аваад алж хороосон нэг ч баримт одоо хүртэл алга байна. Уйгарын ноёдыг барьж аваад барьцаалж ирснээс биш алж хядсан зүйл үгүй. Тэд Цагаадайн угсааны ноёд. Дэлхийн худалдааны гол замыг хянадаг Зүүнгар улс Манжийн бодлого, Оросын шахалт дарамт зэрэг олон зүйлээс шалтгаалж мөхжээ. Улс мөхөж болно, хүн ард нь дараагийн улсад хүчин зүтгээд түүх үргэлжилдэг. Гэтэл ойрадууд Манжийн эсрэг бослого гаргаж, юу ч үгүй болтлоо хядуулдаг нь ямар учиртай юм бол?. Үүнийг судлах хэрэгтэй.


-Манж Чин гүрний бодлого гүн гүнзгий, айхтар байжээ...

-Зүүнгар улсыг мөхөөх бодлогоо Галдантай анх тулалдсан 1690 оноос Манж Чин улс хойш 65 жилийн туршид тогтвортой явуулжээ. 65 жил гэдэг бол хүний эцэг, хөвүүн, ач гэсэн 3 үе. Бидний ярьдагаар социализмын 70 жил. Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаан “өвөг дээдсийн байгуулаагүй гавьяаг би байгууллаа, Алтай уулыг дотоод газрын зураг дансанд оруулж, хоёр түмэн газар, хорин найман гэрийн одны тусгалаар гадаад хүртэлх хил хязгаарыг ихэд тэлэв” хэмээн бахдан бичиж байсан. Харин Манж Чин улс хүн ардыг нь хядан устгаж, олон арван жилийг зарцуулан байж эзэлж авсан нутагтаа эзэн болж чадаагүй. Зүүнгарын нутаг дэвсгэрийг Хасаг, Оросууд эзэмшин нааш нь нутгаа тэлсэн. Өнөөдөр Дундад азийн бүс нутагт буй 5 улс, Орос-Хятад, Казах-Хятад, Хятад-Энэтхэг гээд бүгд л газар нутгийн маргаантай. Түүний эхлэл нь Зүүнгар улстай салшгүй холбоотой. Энэ өнцгөөс авч үзвэл Зүүнгарын асуудал одоо ч өрнөсөөр байгаа.


-Түүхийг судална гэдэг сургамж сэрэмж авахтай холбоотой байх уу?

-Түүх бол өнгөрсөн үе биш, ирээдүй юм гэж үздэг. Түүхээс дандаа ирээдүй ханхалж байдаг юм шүү. Миний ярьсан зүйл Монгол нутаг дэвсгэр дээр монгол хүний оролцоотой болж өнгөрсөн үйл явдал. Ялангуяа өнөө цагт төрд зүтгэж байгаа хүмүүс их хариуцлагатай хүн юм гэдгээ ойлгох хэрэгтэй. Аливааг бодож эргэцүүлэн байж хийх ёстой гэдэг нь эндээс харагдаж байгаа биз дээ.  Хүний 3-4 үе гэдэг бол  80-90 жил болж байгаа үйл  явдал, урт мэт боловч их түүхийн өмнө өчүүхэн зурвас шүү дээ.

Холбоотой мэдээ