ӨВӨРХАНГАЙ: Хубилай хааны сүрийг бадруулагч хот

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-07-06 14:45:24

Арвайхээр /МОНЦАМЭ/. Хубилай хааны сүрийг бадруулагч хот буюу нутгийн ардуудын хэлдгээр “Хөгшин тээлийн балгас” гэдэг эртний хотын туурь Хайрхандулаан сумын нутагт бий.


Сумаас 43 км орчим зайд, Эмээлт багийн нутаг, Их модотын амны эхэнд орших эртний хотын энэ үлдцийг 1926 онд Оросын эрдэмтэн П.К.Козлов олж тэмдэглэсэн бөгөөд Хубилай, Аригбөх хоёрын хаан ширээ булаалдсан 13-р зууны хоёрдугаар хагасын түүхэн үед /1275 он/ холбогдоно гэж он цагийг тогтоожээ.



Хубилай хааны цэргийн хотын туурь нь Хөгшин тээл уулын зүүн хажууд гурван хэсэг барьсан том хэрэм, “Дарь эхийн сүм” гэдэг барилгын үлдцээс бүрддэг. Сүмийн суурь, багана, үүд хэсгийг цайвар боржин чулуугаар засаж хийсэн ба хана, туургыг хөх тоосгоор өрж хийж, үлдэгдэл дээврийг шаазан ваараар бүрэн хийснийг гэрчилж болох ваар, хөс тоосгоны үлдэгдэл их байдаг. Уг цайзын үлдэгдлийг шинжиж үзэхэд олон жилээр байнга хүн оршин сууж байсны шинж тэмдэггүй, харин өндөрлөг хэц, алсын хараат газар олон давхар хэрэмтэйгээр барьсан нь түр зуур аян дайны зориулалтаар бэхлэн барьсан хэмээн үзэж болохоор ажээ.



Түүний дэргэд буй Нангиад бичээсний гэрэл зургийг татаж, орчуулахад “Хааны баруун гарын торгон цэргийн мянганы дарга Чан Вэй, Чжи Юаны 15-р оны 4-р сард умар зүг мордож, 10-р сард ........ газар ирж хашаа хороо барьж, цайз үүсгэн барив” хэмээн тэмдэглэсэн байдаг байна. Тухайн үед олон жанжин, түшмэд хэлэлцэж, энэ цэргийн хотод “Сүрийг бадруулагч цэргийн хот” хэмээх нэрийг өгсөн бөгөөд хотын өмнө хиймэл нуур байгуулсан тухай бас энэ бичээст өгүүлжээ.

Холбоотой мэдээ