АРХАНГАЙ: "Архангай-100 Сэтгүүлчдийн оролцоо" уулзалтыг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-04 12:41:45

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас санаачлан "Архангай-100 Сэтгүүлчдийн оролцоо" уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтууд, ажил авснаасаа хойш хийсэн ажлуудаа танилцуулав.

 

Архангай аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй Архангай аймгийн уугуул сэтгүүлч, зураглаачдын "Архангай-100 Сэтгүүлчдийн оролцоо" уулзалтыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд хийж буй бүтээн байгуулалт, салбар бүрийн онцлог ажлуудтай танилцахаас гадна аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

Мөн дараагийн 100 жилийн эхлэл болгож хийх ажлын талаар ч санал солилцсон юм.

 

Уугуул сэтгүүлчдийн зүгээс цаашид төсвийг оновчлох, үр дүнтэй хуваарилах, цөлжилтийг сааруулах ажлыг хийх, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг аймгийнхаа түвшинд хэрэгжүүлж ажиллах, улс төрийн тогтворгүй байгаа байдлаа арилгаж, Архангай гэдэг нэр дороо салбар бүрдээ нэгддэг байх, аялал жуулчлалын чиглэлээр тик ток ч юмуу селфи хийх тавцантай болгох, дэд бүтцийг бий болгох, бүр Эйфелийн цамхагийн жижгэрүүлсэн хувилбарыг яагаад хийж болохгүй тухай, төвдөө нийтийн нойлтой болох, сумын төвийг жишиг болгох боломжууд юу байна,


Булган ууланд нутагшуулсан янгирыг хамгаалах, нутгийн брэндийн багцуудыг гаргах, багцын сав баглаа боодол, хямдралтай үнэд анхаарах, Гэсэр багш руу жуулчин татах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн асуудалд анхаарах, аялал жуулчлалын эвэнтүүдийг багадаа 5-6 сар, эсвэл жилийн өмнөөс төлөвлөж тодорхой болгох, мөн аялагчид ирчихээд буцахдаа ирсэн замаараа бус өөр замаар явах сонирхолтой байдаг, энэ дэд бүтцүүдийг бий болгох гэх мэт олон асуудлын хүрээнд асуултууддаа хариулт авч, санал хэлсэн юм.

 

Нутгийн 100 жилийн ойн хүрээнд уугуул сэтгүүлчдийг урьж, цуглуулан ажил ярьж байгаа нь анхны тохиолдол бөгөөд цаашид энэ ажлыг үргэлжлүүлээрэй гэх саналыг ч тавьж байв. Мөн орон нутгаа сурталчлах, аялал жуулчлал болон өв уламжлалаа түгээх зэрэгт хамтын ажлаа уялдуулж ажиллахаар боллоо. 

Холбоотой мэдээ