ДУНДГОВЬ: “Joinme.mn”-тэй хамтран аялал жуулчлалын салбарт цахимжуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-29 13:57:30
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Joinme.mn” аялал, амралтын нэгдсэн платформтой хамтран ажиллахаар боллоо.


“Joinme.mn” нь дотоодын аялал жуулчлалын зах зээлд цахим шилжилтийг анхлан хийж, монгол аялагчдыг эх орноороо болон дэлхийгээр аялахад шаардлагатай бүхий л үйлчилгээний тухай мэдээллийг нэг дороос авах боломж бүрдүүлэн, хэрэглэгч, харилцагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн хөгжүүлж буй аялал жуулчлалын цогц платформ юм. Тус платформ технологийн дэвшилтэт шийдлүүдээр аялал жуулчлалын салбарын олон компани, амралт үйлчилгээний газруудыг зах зээлд холбожээ.


Дундговь аймгийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт 15 жуулчны бааз, 5 зочид буудал, 2 элсэн сувилал, 2 амралтын газар, 12 гэр буудал, 10 мотель үйл ажиллагаагаа явуулдаг. Тус аймгийн аялал жуулчлалын салбарт одоогоор цахимжилт, дата судалгаа, эвент хөгжүүлэлт муу байгаа тухай 6 дугаар сарын 22-нд Мандалговь хотноо зохион байгуулсан “Нээлттэй Дундговь” хөрөнгө оруулалтын чуулга, уулзалтын үеэр яригдсан юм.


Тус үйл ажиллагаанд “Joinme.mn” платформыг санаачлагч, гүйцэтгэх захирал Э.Цомирлог оролцож, орон нутагт аялал жуулчлалыг эрчимжүүлэхийн тулд 1) эвент зохион байгуулах, 2) тоон судалгаа, статистик мэдээллийг ил болгох, 3) үйлчилгээний байгууллагуудыг чадавхжуулах, 4) аялагчдын боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон.


Байгаль, орчин аялал жуулчлалын газар болон “Joinme.mn” аялал, амралтын нэгдсэн платформын хамтын ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын цахимжуулалт, эвент хөгжүүлэлт болон ажиллагсдыг чадавхжуулах ажээ.  



Холбоотой мэдээ