Х.Ганбаатар: "Говийн шим" төсөл малын тэжээл, мах, сүүний үйлдвэрлэл явуулж, брэнд бий болгох асуудлыг цогцоор нь шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-27 14:28:30
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Малчдын өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэж, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн Дундговийн брэндийг бий болгох зорилго бүхий “Говийн шим” төслийг саяхан Мандалговь хотноо зохион байгуулсан “Нээлттэй Дундговь” хөрөнгө оруулалтын чуулга, уулзалтын үеэр танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан юм. Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор төслийг санаачлагч Х.Ганбаатартай ярилцлаа.


-Би таны бизнес санааны тухай эхлээд ярилцмаар байна, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь маш чухал хэдий ч өнөөдрийг хүртэл шалтгааныг нь олж, цогцоор нь асуудлыг шийдэж чадаагүй л байна. Тиймээс таны төслийн санаа энэ шийдлийг олсон шиг бодогдлоо?

-Дундговь аймгийн онцлог байдаг. Мах нь их сайхан амттай, айраг нь салахын аргагүй чимчигнэсэн, ааруул нь ч тэр сүү амтагдсан. Сүүлийн үед манай аймгийн Дэрэн, Гурвансайхан сумын ааруул, тэр дундаа Элгэн багийн ааруул улсдаа яригдаж байна. 

Тиймээс энэ сайхан шимтэй идээ, бүтээгдэхүүнээ брэнд болгохсон гэсэн санаа бол 10 жилийн өмнөөс л байсан. Харин түүнийгээ ажил болгож эхэлсэн нь өнгөрсөн оны 8 дугаар сараас юм.

Эхлээд судалгаа хийж эхэлсэн. Элгэний ааруулыг судалж, ахиухан хэмжээгээр үйлдвэрлэх, борлуулах, хамтарч ажиллах боломж юу байна гээд Гурвансайхан сумын Элгэн багийн малчдаар явж, ааруулыг нь борлуулахад туслах санал тавьсан. Гэхдээ эргээд нэг л хүн холбогдож, бид ааруулыг нь зах зээлд борлуулж өгсөн юм. Элгэний ааруул өөрөө олонд танигдсан учраас хүмүүс хувиараа зарчихдаг юм байна лээ. Ааруул хийдэг уламжлалт арга нь ч бусад нутгийнхаас онцлогтой.

Гэхдээ үүнээс нэг л зүйлийг ойлгож авсан. Айл айлын ааруул өөр амттай, Элгэний ааруулыг хүмүүс худалдаад авчихдаг юм бол бусад сумын малчид ааруулаа яаж борлуулах вэ? Брэнд гэдэг маань нэг амт, чанартай, нэг стандарттай, нэг савлагаатай, нэг нэртэй байх ёстой.

Тухайн үед “аймгийнхаа онцлогтой ямар нэг бүтээгдэхүүнийг брэнд болгоё” гэсэн бодолтой, гэхдээ яг ямар бүтээгдэхүүн байх талаар шийдгүй л байлаа. Намар нь Адаацаг сумын нутагт байх Ширгүүн говийн малчидтай уулзлаа. Энэ нутгийн хонины мах нь алдартай, хуучны брэнд.

Ширгүүн говийн малчидтай уулзаж, судлаад явж байтал нэг асуудал байгааг ойлгож авсан. Хэрэв махны эсвэл сүүний үйлдвэр байгуулбал тогтвортой ханган нийлүүлэлтийн асуудал тулгамддаг юм байна. Учир нь малчид мал таргалсан үед буюу зөвхөн намар л махаа нийлүүлэх сонирхолтой. Өвөл, хавар яагаад нийлүүлэхгүй байна вэ гэхээр энэ үед мал тэжээлийн дутагдалд орж, турдаг. Энэ бол зөвхөн манай аймгийн малчдад ч биш, улсын хэмжээнд бүх малчдад тулгамдаж байгаа асуудал. Тэгэхээр өвөл, хаврын цагт мал эцэж, турдаг энэ асуудлыг шийдэхгүйгээр орон нутагт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл хөгжих боломжгүй юм байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, үйлдвэрлэлээ байгуулах нь “Говийн шим” төслийн зорилго болж байгаа юм.  


-Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Малын өвс, тэжээлийн хомсдолоос үүдэлтэйгээр учирч буй бэрхшээлийг даван гарах шийдэл нь гидропоник технологийн ногоон тэжээлийн үйлдвэрийг аймгийнхаа онцлогт тохируулан хөгжүүлэх нь л энэ асуудлын шийдэл юм гэдгийг олж харсан. Өөрөөр хэлбэл, малаа тэжээх замаар сүү, махны үйлдвэрээ түүхий эдээр тасалдуулалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг.


Өвөл, хаврын цагт малдаа нэмэлт тэжээл өгснөөр жингийн хорогдол багасч, мах, сүү, ноос, ноолуурын гарц нэмэгдэн, саалийн хугацаа уртасч малын ашиг шим сайжирна. Малчдын орлого ч өснө. Манай нөхцөлд таарах тэжээлийн үйлдвэрлэл бол хөрсгүй тариалалт буюу гидропоник тариалалт. 40 тн чингэлэгт суурилуулсан автомат системд улаан буудай соёолуулснаар өдөр бүр 1000 кг ногоон тэжээл авах боломжтой. Тариалалт гадаа биш, дотор явагдах учир гадна цаг агаар ямар байхаас үл хамааран өвөл, хаврын цагт өдөр бүр хаврын нялх ногоотой адил шим тэжээлтэй ургамлыг малдаа өгөх юм.


Энэ технологийн талаар нэлээд их судалгаа хийсэн. Дэлхийд Голланд, Япон, АНУ зэрэг улс орнууд энэ технологиор тэргүүлж байна. Монголд гар аргаар тариалж, борлуулдаг хувь хүмүүс олон бий. Дундговьд Ө.Эрдэнэтунгалаг гэж бүсгүй энэ технологиор 2 жил гаруй хугацаанд үйлдвэрлэл явуулж, дарш бэлтгэн малчдад нийлүүлж байгаа.

Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон, ашиглалтын зардал бага, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй ийм технологийг хөгжүүлэхээр инженерийн баг ажиллаж байгаа. Ирэх 7 дугаар сард багтаан гидропоник технологийн эхний системээ ашиглалтад оруулж, туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байна.

Тэгэхээр эхний ээлжид “Говийн шим” төсөл маань байгаль цаг уурын нөхцөл, жилийн 4 улирлын онцлогоос хамаарч, мал аж ахуйд тулгамддаг том бэрхшээлийг ингэж бууруулснаар малын гаралтай бүтээгдэхүүнээ өдөр бүр үйлдвэрлэх боломжтой болох юм.


-Үйлдвэрлэлийг хаана явуулах вэ? “Говийн шим” төслийн хүрээнд хийх дараагийн ажил бол сүүний үйлдвэр байгуулах гэж ойлгосон. Энэ үйлдвэрийнхээ тухай танилцуулах уу?

-Байршлын хувьд Дэлгэрцогт сумыг сонгож байгаа. Олон талаас нь бодсон. Мандалговь, Улаанбаатарын зам дагуу, хатуу хучилттай замаар холбогдсон, аль аль зах зээлдээ ойр. Мөн тус суманд дэд бүтцэд холбогдсон, ашиглах боломжтой 2 ч обьект байна.

Сүүний үйлдвэрийн тухайд бүтээгдэхүүнээ гаргахын тулд мөн л зах зээлээ судалсан. Хэрэглэгчид маань хэн байх, тэд ямар бүтээгдэхүүн хүсэж байна, тэдний ямар хэрэгцээг хангах вэ, тэд нар ямар үнэ төлөх вэ гээд судалсны үндсэн дээр манай хэрэглэгчид “хүүхдүүд” байх юм байна гэж сонгосон. Учир нь хүүхдүүд эрдсийн дутагдалд орж, дархлаа суларч, бүр ясны сийрэгжилт ч үүсэх байдалтай байна.

Хүүхдүүд дэлгүүрт ороод ихэвчлэн чипс, газтай ундаа, резинэн чихэр гэх мэт бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Бүгд импортын бүтээгдэхүүн. Харин энэ бүтээгдэхүүний хүүхдийн биед өгөх шим тэжээл, эрдсийн агууламж нь манай уламжлалт цагаан идээг гүйцэхгүй.  

Кальци ямар бүтээгдэхүүнд хамгийн ихээр агуулагдаж байна вэ гэхээр ааруул гэж хүн бүр мэддэг. Харин хүүхдүүд түүнд дуртай, ямар ч тохиолдолд худалдаж авах хүсэлтэй байх ёстой гэж бодсоны үндсэн дээр бид эхний ээлжид 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдвэрлэсэн. Тэр нь чихэртэй ааруул, үзэмтэй ааруул, ээзгий, цэлцэгнүүр.


Монголд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллагаас манай хүүхдүүдийн бие дэх эрдсийг хэмжих судалгаа хийхэд хот, хөдөө ялгалгүй бүх хүүхдүүд кальци болон бусад эрдсийн дутагдалд орсон байна гэсэн дүгнэлт гарсан байна.


Тэгэхээр манай онцлог бол эрдэс, шим тэжээлээр баялаг говь нутгийнхаа малын мах, сүүг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж, нийгэмд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Дундговийн маань малчид, иргэд ч нэгдэнэ гэдэгт итгэж байгаа.

Манай аймгийн зах зээлд өнөөдөр нэг кг ааруул 25000-аас дээш, Элгэний ааруул, чихэртэй ааруул 35000-45000 төгрөгийн үнэтэй байдаг. Хүүхдүүд мэдээж нэг кг-аар нь авахгүй, ээж, аав нь авчихсан байхад тийм ааруулыг аваад идэх нь ч тун ховор. Харин жижиг савлагаатай байвал авдаг юм байна. Тиймээс тэдний сонирхолд тохируулж, 50, 80 граммаар савлахаар төлөвлөж байгаа.

Сүү, сүүн бүтээгдэхүүний төрөл олон байдаг. Гэхдээ бид зах зээлд массын үйлдвэрлэл явуулж, брэнд болгох зорилготой байгаа учраас энэ 4 төрлийн бүтээгдэхүүн дээр төвлөрнө. Мэдээж хөрөнгө, санхүү, нийлүүлэлттэй ч холбоотой учраас цаашдаа бизнесээ өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн гаргах боломж байгаа.


-Түүхий эд нийлүүлэлтийн хувьд ямар системээр ажиллах вэ? Мэдээж, үйлдвэрлэл тогтвортой, тасалдалгүй явах ёстой. Малчдаа сонгож, гэрээ байгуулах байх гэж бодож сууна...

-Энэ жилдээ Дэлгэрцогт, Дэрэн, Адаацаг сумын малчидтай гэрээ байгуулж, 90,0 мянган литр сүү авна. Энэ 3 суманд сүү хүлээн авах цэг байгуулж, дараа жилээс сумынхаа тоог нэмж, хүрээгээ тэлэхээр тооцсон. Үйлдвэрлэлээ ирэх 9 дүгээр сараас эхэлнэ гэж төлөвлөж байна.  

Мэдээж үйлдвэрлэл тасралтгүй явахын тулд нийлүүлэлт чухал. Тиймээс малчид маань ч гэсэн хариуцлагатайгаар нийлүүлэх ёстой. Хамгийн чухал нь манай бүтээгдэхүүний түүхий эд ямаа, хонины сүү байх тул бусад ойролцоо төрлийн бүтээгдэхүүнээс онцлог, давуу талтай.

Малчдын хөдөлмөр гэдэг цаг наргүй, амралтгүй үргэлжилдэг ажил. Тиймээс малчид сүү, цагаан идээ үйлдвэрлэж зах зээлд борлуулна гэхгүй, шууд манай үйлдвэрт сүүгээ саагаад л нийлүүлчихнэ. Тэдний олон ажлыг хөнгөвчилж, цагийг нь ч хэмнэх тустай.


-Төслийн хүрээнд мөн махны үйлдвэрлэл явуулах талаар яригдсан. Энэ үйл ажиллагаагаа хэзээ эхлэх вэ, цаашдаа экспортлох боломж байгаа юу?

-Сүүний үйлдвэрийн маань ажил жигдэрсний дараа махны үйлдвэр лүүгээ орно гэж бодож байгаа. Монгол хонины жингийн өсөлт, бууралт ихээхэн зөрүүтэй байдаг. Зун, намрын улиралд өсөж, өвөл, хаврын цагт буурдаг учраас манай улсын махны үйлдвэрүүд жилийн 365 хоногийн 60 хоногт л мал төхөөрөх шугамаа ажиллуулдаг, бусад үед нь сул зогсдог. Харин Австрали хонины жин тасралтгүй өсдөг учраас жилийн 4 улиралд ашиг шимээ тогтвортой өгч, экспортолж чаддаг байна.

Түүнээс гадна, бэлчээрийн хомсдол, байгаль, цаг уурын хүнд нөхцөлөөс хамаарч, малын зүй бус хорогдол их байдаг. Монгол Улсын хамгийн эрчимтэй цөлжиж буй аймаг бол Дундговь.

1990-2022 он хүртэлх 33 жилийн хугацаанд Дундговь аймгийн хувьд хонин толгойд шилжүүлснээр 4.8 сая толгой мал зүй бусаар хорогдсон байна. Зөвхөн гулууз махыг нь үнэлэх юм бол 1.2 их наяд төгрөг болно. Эдийн засгийн хувьд маш их алдагдлыг мал аж ахуйн салбар хүлээж байна гэсэн үг. Нийлүүлэлт тогтворгүй учир манайд махны үйлдвэр, махны брэнд хөгждөггүй. Махны үнэ хэлбэлзэл ихтэй байдаг үндсэн шалтгаан нь энэ юм. Махны үйлдвэр хөгжихгүй байгаа учраас арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд ч мөн хөгждөггүй.


Улаанбаатар хотод өдөртөө 50-60 тн мах борлуулагддаг. Үүний 90 хувийг гар аргаар бэлтгэсэн мах эзэлж байгаа бөгөөд энэ нь эрүүл ахуйн стандарт хангадаггүй. 50-60 тн махыг хонин толгойд шилжүүлбэл, Улаанбаатарын хүн амын эрэлт өдөртөө 2000 хонины мах байна гэсэн үг юм.


Бага зэргийн тооцоолол хийгээд үзье.

Дундговь аймаг 1.6 сая хоньтой. Үүнийхээ 50 хувийг жил бүр зах зээлийн эргэлтэд тогтмол оруулдаг болоход Улаанбаатарын зах зээлийг дангаараа хангачих нөөцтэй. Дундговийн мах амт чанараар онцгой тул хөлдөөсөн банш, бууз зэрэг бэлэн бүтээгдэхүүний зах зээлд ноёлох байр суурийг эзлэх боломжтой гэж хардаг.  Оюутолгой зэрэг томоохон ажил олгогчид ч Өмнөговьд бий. Жишээлбэл, Оюу толгойн махны зарим хэсгийг Эрдэнэт хот дахь махны үйлдвэрээс нийлүүлж байна.

Энэ мэт зах зээлд мах нийлүүлэхийн тулд жилийн 365 хоногийн 300 хоногт нь ажилладаг, HACCP стандарт хангасан, мал төхөөрөх, ангилах үйлдвэр байгуулах хэрэгцээ байгаа нь харагдаж байгаа.  

Товчхондоо бол Дундговь аймаг шинэ махны нийлүүлэлтийн зах зээлд стандарт тогтоох замаар зах зээлд түрүүлж байрших боломжтой гэсэн үг. “Говийн шим” төсөл үүнийг хийнэ.


-Энэ төслийг хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа чухал. Аймаг, сум, малчид гээд. Саяхан Дундговьд болсон “Хөрөнгө оруулалтын чуулга, уулзалт”-ын үеэр төслөө танилцуулсан. Хүмүүс хэр хүлээж авсан бэ? Ер нь танай төсөлд ямар хэлбэрээр оролцож болох вэ?   

-Аймгийн удирдлагуудтай өмнө нь хэд хэдэн удаа уулзаж ярилцсан. Дэмжиж, шинэ санаа хэлж, төслөө баяжуулж, засаж сайжруулсаар байна. Сумын удирдлагууд мөн дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр төслөө танилцуулсны дараа хүмүүстэй уулзаж нэрийн хуудас солилцоход "ГОЁ ТӨСӨЛ" байна, дэмжиж, хамтарч ажиллах боломж нөхцлүүдийн талаар ярья, хотод очоод уулзаж, сайн ярилцья гэх үгийг хэд хэдэн хүнээс сонссон.

Ямартай ч хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байна гэж ойлголоо, хэд хэдэн байгууллага, хүмүүстэй уулзахаар болсон.

Манай аймгийн эдийн засагт мал аж ахуйн салбарын эзлэх хувь, өндөр. Хэдийгээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл хөгжөөгүй ч, аймгийн эдийн засагт эргэлдэж байгаа 10 төгрөг тутмын 6 нь МАА-аас хамааралтай байдаг. Аймгийн нийт өрхийн 52 хувийг малчин өрх эзэллдэг.

Нийт малчин өрхийн 66 хувь нь 500 хүртэлх тооны малтай, дийлэнх нь банканд зээлтэй, хавар, намрын цагт ноолуур, мах нийлүүлэх үеэр зээлээ төлдөг. Эдгээр малчдад малын тэжээл худалдаж авч, өвөл, хаврын цагт малдаа нэмэлт тэжээл өгөх санхүүгийн боломж бага.

Тэгэхдээ малчдад санхүүгийн дарамт учруулахгүйгээр тэжээлээр хангах шийдэл нь манай төслийн нэг зорилт юм.

Малчид 2 хэлбэрээр хөрөнгө оруулах боломжтой. Нэгдүгээрт, төсөлд 10,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 48 малчинд “Говийн шим инвест” ХХ-д хувь эзэмших эрх үүснэ. Ингэснээр гэрээний дагуу сүүний үүлдвэрт сүүгээ нийлүүлэх малчдын жагсаалтад орно, оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр жил бүр ноогдол ашиг хүртэнэ, ногоон тэжээлийг 2 жилийн хугацаанд зах зээлийн ханшаас 3 дахин хямд үнээр, 10,0 мянган кг-ийг худалдаж авах хөнгөлөлт эдэлнэ. 10,0 сая төгрэгийн хөрөнгө оруулсан малчин тэжээл хямдралтай үнээр авснаар хөрөнгө оруулсан зардлаа 3 жилийн хугацаанд нөхөж авах боломжтой.

Хоёрдугаарт “Говийн шим” төсөлтэй богино хугацаат зээлийн гэрээ байгуулж, 9,999,999 төгрөг хүртэлх дүнтэй мөнгийг 2 жилийн хугацаатай жилийн 20 хувийн хүүтэй тус төсөл зээлүүлж, хүүгийн төлбөрт Гидропоник технологийн ногоон тэжээлийг зах зээлийн ханшаас мөн 3 дахин хямд үнээр авах боломжтой.


-Үйлдвэрлэлийн үр өгөөж, ашиг ямар байх вэ, ямар зах зээлд, ямар сувгаар хэрэглэгчдэдээ хүргэхээр төлөвлөж байна?

-Эхний жилд 90,0 мянган литр сүүгээр 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1,363 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн. Үйлдвэрлэл, борлуулалтын жилийн өсөлтийг эхний жилдээ 47 хувь, дараа жилд 67 хувиар нэмэгдэнэ гэж тооцож байгаа.

Бид өнгөрсөн хугацаанд ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлуудаа судалж, малчдынхаа өвс тэжээлийн асуудлыг шийдэх замаар ханган нийлүүлэлтээ сайжруулахад тодорхой шийдэл хайж, төлөвлөгөө гаргаж ажилласан бол өнөөдрөөс борлуулалтаа ямар сувгаар хэрхэн хийх вэ? гэдэг дээр ажиллаж эхэллээ.

Бидний зорилтот зах зээл болох хүүхдүүдэд хамгийн ойр, хамгийн олон салбартай CU сүлжээ дэлгүүрт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, анхны уулзалтаа хийлээ. Дараагийн удаад CU-н шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтай уулзана.

Яваандаа сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран борлуулалтаа хийж, Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажиллах зорилготой байгаа шүү.


-Дундговь аймгийн брэнд бүтээгдэхүүн бий болгохоор зорьж буй “Говийн шим” төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа. Төслийн нь ажилд амжилт хүсье


May be an image of map and text

Холбоотой мэдээ