Ипотекийн таван хувийн зээлд санхүүжилт олгохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-13 13:12:03

Төвбанк арилжааны банкуудын ипотекийн зээлийн санхүүжилтэд шалгалт оруулсантай холбогдуулан зээл олголт тодорхойгүй хугацаагаар зогссон хэмээн мэдэгдлээ.

Арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь гаргалгүй хадгалах, зориулалтын бусаар  зарцуулдаг гэсэн гомдлын дагуу Монголбанк ийнхүү шалгажээ. Нэгдсэн журмаар хийсэн шалгалтын зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагын түвшинд хэлэлцэж буй аж. Нэгдсэн шийдэл гарсны дараа ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэн олгох юм байна.

 Түүнчлэн Төв банкны зүгээс ипотекийн таван хувийн зээлд санхүүжилт олгохгүй гэсэн байр суурьтай байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, төсвийн алдагдал нэмэгдэж, орлого тасалдаж буйтай холбогдуулан Төв банк зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэхгүй байх зайлшгүй шаардлага үүссэнийг тодотголоо. Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж эхэлсэн учраас цаашид ипотекийн таван хувийн зээлээр дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг ойрын үед дэмжихгүй нь ээ.

Ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөр нь Засгийн газраас баталсан журмын дагуу хэрэгждэг учраас Засгийн газар тодорхой түвшинд эх үүсвэрээ шийдэж чадвал ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал, ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нь Засгийн газрын түвшинд шийдэгдэх аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ