Бангалорт усны асуудлаас болж эмх замбараагүй байдал үүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-13 11:27:20

БАНГАЛОР. /АNADOLU/. Энэтхэгийн өмнөд нутгийн Бангалор хотод усны талаарх сунжирсан маргаантай холбоотой шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс гудамжинд гарч жагссанаар эмх замбараагүй байдал үүсчээ.

Бангалор хот оршдог Карнатака мужийн нэгэн голын усыг усны хомсдолд ороод байгаа зэргэлдээх Тамил-Наду мужийн гол руу урсгах шийдвэрийг тус улсын Дээд шүүх гаргасны дараа даваа гарагт эсэргүүцлийн жагсаал болж, улмаар эмх замбараагүй байдал үүссэн байна.

Эсэргүүцлээ илэрхийлэгчдийн зарим нь Тамил-Наду мужийн дугаартай тээврийн хэрэгслүүд болон автобуснуудад гал тавьжээ.

Нөхцөл байдлыг намжаахын тулд Карнатка мужийн эрх баригчид 15 мянга орчим цагдааг байрлуулсан байна. Эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтэж бэртжээ. Тус мужид 5 болон түүнээс дээш тооны хүмүүс нэг дор цуглахыг хориглосон байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ