Умард Солонгостой холбоотой асуудлаар хүлээцтэй байхыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-13 11:03:24

МОСКВА. /Kyodo/. Тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосыг ОХУ болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар шүүмжлэхийн сацуу хүлээцтэй байхыг холбогдох улсуудад уриалжээ.

ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдсэнээр, тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар өчигдөр  утсаар ярьсан байна.

Холбогдох улс орнууд хурцадмал байдлыг даамжруулах ямар нэгэн үйлдлийг цаашид гаргахгүй байх нь чухал гэж Лавров, Ван нар үзэж байна.

Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авахаар АНУ, Япон болон Өмнөд Солонгос зэхэж байгаа юм.

Ази-Номхон далайн бүс нутагт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүдийг байрлуулахаар АНУ төлөвлөж байгаа нь Умард Солонгосын аюул заналхийлэл нэмэгдсэнтэй холбоотой магадгүй гэж ОХУ болон БНХАУ-ын албаны хүмүүс үзэж байна.

Өмнөд Солонгост баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем буюу THAAD-ыг байрлуулахаар Сөүл болон Вашингтон хэдийн тохиролцоонд хүрсэн билээ.

Мөн Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийг сэргээх эрмэлзэлтэй байгаагаа Орос болон Хятадын сайд нар илэрхийлжээ. Тэдний хэлснээр, тус хоёр улс Солонгосын хойгийн цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг зорьж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ