Аялал жуулчлал 50-78 хувиар хүний нөөцөө алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-06-20 08:05:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад аялал жуулчлалаар 16 их, дээд сургууль мэргэжилтэн бэлтгэж байна. 2007 онд 7251 оюутан төгсөж байсан бол энэ тоо өнгөрсөн оны байдлаар мянга хүрэхгүй болж буурчээ.


Тиймээс аялал жуулчлалын салбарынхан нэгдэж салбарын мэргэжилтэн бэлтгэх, одоо суралцаж буй оюутнуудад 400 сая төгрөгийн тэтгэлэг зарлаж, ЭЕШ орон даяар өрнөж байгаа энэ үед сурагчид болон залуучуудад аялал жуулчлалын салбарыг сонгох нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл, ажил олгогч аж ахуйн нэгж, оюутны төлөөлөлтэй өнөөдөр хийж буй уулзалт дээр мэдэгдлээ гэж Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээллээ.  


БОАЖЯ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд салбарын төлөөлөлтэй хийх 8 дахь өглөөний уулзалтаа “Аялал жуулчлалын салбарын хүний нөөц, тогтвортой байдал” сэдвийн хүрээнд ийнхүү хийж байна.


Аялал жуулчлалын мэргэжил сонголт 2007 оноос хойш 87 хувиар буурчээ.



Аялал жуулчлалын салбар ковидын цар тахлын улмаас тур оператор 78 хувь, жуулчны баазууд 68 хувь, зочид буудал 25 хувь, зоогийн газар 50 хувиар хүний нөөцөө алджээ. Тиймээс мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах хүчний нөөцийг сэргээх нь чухал байгааг уулзалтаар хөндлөө.


Мөн хөдөө орон нутгаас аялал жуулчлалын салбарыг сонгох, орон нутгийн онцлог, брэндинг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцаж байна.


Аялал жуулчлалын компаниуд зөвхөн зуны гурван сард жуулчин авдаг биш жилийн дөрвөн улиралд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, ажлын байр бий болгох шаардлагатай байгааг салбарын төлөөллүүд хэллээ.


Аялал жуулчлалын хөтөчийн хамгийн өндөр цалин 60.000 ам.доллар байна.



Уулзалтад БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв, БШУЯ-ны удирдлагууд, МСҮТ, Монголын Аялал жуулчлалын холбоо, Хөтөч тайлбарлагчдын холбоо, Зочид буудлуудын холбоо болон СЭЗИС, ХААИС, МУБИС, Сити, Их засаг”, Аялал жуулчлалын ур чадварын сургууль, Глобал удирдагч” сан, БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд болон мэргэжлийн ангийн судлаач оюутнууд оролцож байна. 

Холбоотой мэдээ