НҮБХХ “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023”-т хөдөө аж ахуйн салбарын ногоон санхүүжилтийг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа энэ сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Ногоон, тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” сэдэвт “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын чуулганд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) дэмжлэг үзүүлж оролцлоо.
НҮБХХ тус чуулганд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экосистемийн үйлчилгээний төлбөр нэвтрүүлэх, үр дүнд суурилсан Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн төсвийн төлөвлөлтийг бэхжүүлэх, тогтвортой ноолуурыг дэмжих, мөшгих тогтолцоо, системийн хандлагыг нэвтрүүлэх зэрэг чиглэлийн хүрээнд хийсэн ажлууд дээрээ үндэслэн тогтвортой хөдөө аж ахуйн санхүүжүүлэлтийн талаарх яриа хэлэлцээрийг манлайлан оролцов. Чуулганы үеэр салбарын бодлого, санхүүгийн хөшүүрэг болон татаасын нөлөөлөл, тогтвортой хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ногоон санхүүжилтийн арга хэрэгслийг ашиглах зэрэг сэдвийн хүрээнд өндөр түвшний бодлогын яриа хэлэлцээр өрнөлөө.
Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын хувьд эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой салбар ба улсын ДНБ-ий 15 орчим хувийг бүрдүүлдэг. Мөн аймгуудын эдийн засгийн 85 гаруй хувь нь хөдөө аж ахуйд түшиглэж байгаагаас Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд тогтвортой хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэх онц чухал үүргийг харж болох юм. “НҮБ-ын ТХЗ хамтарсан сан”-гийн санхүүжилтээр НҮБХХ нь Монгол Улсын Засгийн газарт тогтвортой хөгжлийн зорилгуудаа биелүүлэхэд шаардагдах нэмэлт санхүүжилтийг дайчлах, тэр дундаа салбар бүрийн хувийн хэвшлийн санхүүжилтийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо, стратегийг боловсруулах замаар дэмжлэг үзүүлэн ажиллаж буй. Үүний зэрэгцээ 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад ойролцоогоор 126 их наяд төгрөг буюу 36 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн НҮБХХ-ийн судалгаагаар тогтоосон. Энэ нь Монгол Улсын 2021-2030 оны хоорондох жилийн ДНБ-ий 17 хувьтай тэнцэх хэмжээний дүн юм. Үүнийг бүрдүүлэхэд дан ганц улсын төсөв хангалтгүй тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах, олон улсын хөрөнгө оруулалт авах байдлаар санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх нь нэн чухал аж.
Түүнчлэн НҮБХХ нь бусад хөгжлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад ногоон болон ТХЗ-д нийцсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх санхүүгийн шинэлэг арга барил, арга хэрэгслийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Эдгээр арга хэрэгсэлд “ТоС долоо хоног” арга хэмжээний үеэр батлагдсан ТХЗ-уудын санхүүжилтийн таксономи болон ТХЗ-той нийцсэн бондын хүрээ, Жендэр бондын хүрээ, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өрийн солилцоо, БОНЗ-ын тайлагналын удирдамж, ТХЗ-ын Хөрөнгө оруулагчдын зураглал зэрэг багтах юм.
Энэ үеэр “2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгыг
хэрэгжүүлж дуусах замынхаа талд бид ирээд байна. Монгол Улсад тус зорилгыг хэрэгжүүлэх
үйл явцыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тул санхүүгийн шинэлэг арга барилд
шилжиж, тогтвортой арга хэрэгслүүдийг урамшуулах нь зүйтэй” хэмээн
НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Илейн
Конкиевич онцоллоо. Тэрээр үргэлжлүүлэн “Тогтвортой санхүүжилт, тэр
дундаа ногоон, Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн санхүүжилтийг дэмжих нь Монгол Улсын хөгжлийн зорилтууддаа
бүрэн хүрэх, тогтвортой, сайн сайхан ирээдүйг бүтээхэд чухал ач холбогдолтой”
гэв.
НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь”, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжих системийн хандлагыг төлөвшүүлэх нь”, “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь”, “Биологийн олон янз байдлын санxүүжилтын санаачилга-БИОФИН II”, “Монголын тогтвортой ноолуурын платформ” гэх нийт таван төсөл уг арга хэмжээнд оролцлоо. НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгч болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг юм.