ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд 126 их наяд төгрөг шаардлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг 2030 он гэхэд хэрэгжүүлэх амлалт өгөөд байгаа. Тогтвортой хөгжлийн зорилгыг (ТХЗ) хэрэгжүүлэхэд 126 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна. Энэ нь манай улсын ДНБ-ий 18 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм.
ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс гадна хувийн сектор, тодруулбал, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын хөрөнгө оруулалт шаардлагатай тооцоо гаргажээ. Аж үйлдвэр, инновац, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, чанартай боловсрол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбарт нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа аж.
"Дэлхийн 80 гаруй улсад ашиглаж буй олон улсын стратегийн тогтолцооноос харахад ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд эхний таван жилд ДНБ-ий 20-иос дээш хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулж байж үр дүнтэй байх болно. Мөн суурь судалгаа оношлогоо хийх, санхүүгийн болон хяналтын шинжилгээ үнэлгээ хийх шаардлагатай. Хүний нөөцөө бэлдэн, судалгаа, оношлогоог байнга хийж явна. Ийнхүү хөгжлийн тэргүүлэх чиглэл, уялдаа холбоогоо сайжруулснаар ТХЗ-ын хэрэгжилтэд эерэгээр нөлөөлнө. Монгол Улс 2025 он хүртэл хэрэгжүүлэх стратегиа боловсруулсан. Харин 2030 хүртэлх стратегийг өөрчлөх шаардлагатай байгаа"-г Монгол дахь НҮБХХ-ийн зөвлөх “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөний үеэр тэмдэглэв.