Сууц өмчлөгчдийн холбоодын засварыг хөнгөлттэй үнээр хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-12 00:06:53

Дархан-Уул аймгийн Захирагчийн алба, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, Сууц Өмчлөгчдийн холбоод хамтарч гурвалсан гэрээ байгуулав. Тус гэрээнд “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-иас тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 33 СӨХ-дод мэргэжлийн засвар үйлчилгээг 40-90 хувийн хямдралтайгаар хийж гүйцэтгэхээр заажээ.

Түүнчлэн шугам хоолойн цэвэрлэгээ, цооролтыг нөхөх зэрэг зарим засварыг үнэ төлбөргүй хийхээр болсон байна. Өмнө нь СӨХ-д засвар үйлчилгээг үзүүлэхдээ бусад аж ахуйн нэгжүүдэд мөрддөг үнийн тарифаараа үйлчилдэг байсан бол энэ гэрээ хийгдсэнээр халаалт тараах шугамын бүх засвар болох 20 гаруй  үйлчилгээг ажлын, ажлын бус цагаар хэмээн ангилж үнийг нь 2000-12 мянган төгрөгийн хооронд тогтоож өгчээ. Ингэснээр СӨХ-д шугам хоолойн гэмтлээ цаг алдалгүй мэргэжлийн байгууллагаар засварлуулж  орцноос уур савсах, эвгүй үнэр үнэртэх зэрэг бэрхшээлүүд үгүй болно хэмээн холбогдох мэргэжилтнүүд үзэж байна.

Энэ үеэр орон сууцны оршин суугчид СӨХ-ны ажлыг сайн ойлгодоггүй, сарын хураамжаа цаг тухайд нь төлдөггүй, орон сууцныхаа нийтийн эзэмшлийн талбайд сэтгэлээрээ ханддаггүй зэрэг асуудлууд ч хөндөгддөг байсан гэж аймгийн Захирагчийн Албаны дарга Э.Равжаадэлгэрэх ярилаа.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ