9/11-ний террорист халдлагатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-11 09:36:43

ВАШИНГТОН. /VOA/. Есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш 15 жил өнгөрч байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандан үг хэллээ.

Б.Обама үг хэлэхдээ “одоогоос 15 жилийн өмнөх есдүгээр сарын энэ өдөр бол АНУ-ын түүхэн дэх хамгийн хар өдрүүдийн нэг. Гэм зэмгүй 3000 орчим хүн тэр өдөр амиа алдсан” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “15 жилийн хугацаанд олон юм өөрчлөгдсөн. Тухайлбал, АНУ Усама бен Ладеныг шударга шүүхийн өмнө аваачин зохих шийтгэлийг нь ногдуулж, дотооддоо аюулгүй байдлыг бэхжүүллээ” гээд “гэсэн хэдий ч террористууд манай улсад аюул заналхийлсэн хэвээр байна. Бостон болон бусад хотыг онилсон халдлага нэг бус удаа боллоо” гэсэн байна.

Мөн АНУ-ын Засгийн газар “Аль-Каида” болон “Лалын улс” зэрэг бүлэглэлийн босогчидтой хайр найргүй тэмцэж, тэднийг устгах болно гэж Ерөнхийлөгч Б.Обама онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн “АНУ улс орноо хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно. Америкчуудыг хагаралдуулах гэсэн хэнд ч АНУ бууж өгөхгүй” гэж тэрбээр хэлжээ.

Төгсгөлд нь АНУ-ын төрийн тэргүүн "арьсны өнгө, хүйс, угсаа гарал болон шашин шүтлэгээс үл хамааран хүн бүртэй тэгш харьцах"-ыг ард түмэндээ уриалсан байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ