Танзанид газар хөдлөлтийн улмаас 11 хүн амь эрсэджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНДОДАМА. /ВВС/. Танзани улсын хойд нутагт 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас наад зах нь 11 хүн амиа алдаж, 192 хүн гэмтэж бэртлээ гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Африк тивийн хамгийн том нуур болох Виктория нуурын ойролцоо Уганда болон Руандатай залгаа хилийн ойролцоо газар хөдөлжээ.
Танзанийн 70 мянга гаруй хүн амтай Букоба хотод газар хөдлөлтийн улмаас нэлээд хэдэн байшин барилга эвдэрч нурсан гэсэн мэдээлэл байна. Мөн газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн тохиолдлуудын дийлэнх нь тус хотод бүртгэгджээ.
Букоба хотын албаны хүмүүс хэлэхдээ “одоогоор, 192 хүн гэмтэж бэртэж, 11 хүн амь эрсэдсэн нь тогтоогдоод байна. Бид мэдээллийг цуглуулж байгаа тул амь эрсэдсэн болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй” гэлээ.
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар бямба гарагийн өдрийн 15:27 цагт газар хөдлөлт болсон байна.
2007 оны долдугаар сард Букоба хотооос зүүн зүгт орших Аруша хотод 6.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.
Г.Доржханд