ЗАВХАН: Хүүхдэд амар амгаланг бэлэглэдэг тээг урлаач

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-06 10:41:24

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт “Соёлын сэргэлт 2023” аян 24 суманд үргэлжилж байна.

Энэ удаад Улиастай сумын өвлөн уламжлагч, хүүхдийн тээг урлаач Ч. Янжинхүүг онцолж байна. Тэрбээр 2010 оноос хойш хүүхдийн тээгийн тухай олон нийтэд хэлж, зааж сурган, залууст үлгэрлэж байгаа аж.


Хүүхдийн тээгийг хөх тэнгэрийн бэлгэдэл цэнхэр, алтан шаргал нарны шар, гал голомтын улаан, сүүн сэтгэлийн цагаан, эх дэлхий эх орныг бэлгэдсэн ногоон гэсэн таван өнгийн торгоор урладаг байна. Тээг харж өссөн хүүхэд амар тайван унтахаас гадна, нүдний хараа тогтож, оюун ухаан нь хөгждөг гэж өнө эртний өвгөдийн сургаалд онцолжээ.  


Ч.Янжинхүү гуай үнэгчлэн унтах хүүхдэд амар тайвныг бэлэглэдэг бол томчуудад угийн бичиг удмын түүхийн тухай зааж сургадаг.


Тэрбээр 2016 оноос хойш Угийн бичиг бичих тухай сургалтыг аймагтаа зохион байгуулж, 20 гаруй удаагийн сургалтаар 460 гаруй хүнд ургийн бичгийн ач холбогдол, ургийн бичгийг бичих, үлдээх арга зүйг зааж өгчээ. Харин 2022 онд “Угийн бичиг бичих” гарын авлагыг хэвлүүлэн олны хүртээл болгожээ.  

Боловсролын салбарт газар зүйн багшаар 30 гаруй жил багшилсан тэрбээр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлж, өв соёлоо өвлүүлэхийн тулд өөрийн биеэ зориулж яваа соёлын элч юм.


Орон нутгийн иргэдэд зориулсан соёл, гэгээрлийн лекц, илтгэл, чадавхжуулах сургалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн болон соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг аймгийн 24 суманд болж байна. Сум бүрд суугаа өвлөн уламжлагчид маань маш идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай. Энэ мэтчлэн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч иргэдийг олон нийтэд таниулах. Соёлын өвийг хүүхэд залуучуудад зааж сургах, сурталчлах олон талт соёл, урлагийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна гэж Соёлын сэргэлт-2023 аяны Завхан аймаг дахь ажлын багаас мэдээлэв.


-“Хүүхдийн тээгийг ямар өнгөөр хэрхэн яаж урладаг нутаг нутгийн өөр арга, заншил бий. Хүүхдийн тээг буюу үнэг хайчлан домнодог уламжлал их учиртай юм. Зүүд баригч хэмээх үнэгийг үр хүүхдийнхээ дээр оюун нь бөхжиж, ухаан нь тэлтэл байршуулан амар амгаланг нь бэлгэддэг уламжлалтай юм. Мөн нялхсынхаа нойрыг бөх бат, өнгөлөг сайхан зүүдтэй байг гэж таван өнгийн бөсөөр гурвалжин буюу Тээг-ийг урлаж, өөдөө сум, чих чимж оршоож зүүдийг манадаг ард түмэн бол монголчууд юм. Үнэгийг хамгийн дор байрлуулаад дээр нь таван өнгийн гурвалжнаа дээшээ тэмүүлэх сум мэт байрлуулаад урладаг. Хүүхдийн шөнөдөө үзсэн зүүд нь, амрахдаа үзсэн жаргал нь, өнө мөнхөд сайн сайхан байгаасай. Таван тивийн ивээлээр, тэнүүн сайхан жаргаасай гэж бэлгэддэг.


Хамгийн оройд нь хөх мөнх тэнгэрийг бэлгэдэж, төлөөлүүлэн хөх өнгөөр урлаж, дотор нь хурдан цагаан хонины ноос хийдэг. Хурмаст тэнгэрийг бэлгэшээж цагаан өнгийн гурвалжинг агаарыг ариун байг гэж бэлгэдэж, дотор нь ганга өвс хийнэ.

Энэ нь жаахан чийг аваад хээтэй угалзтай болж яг л үүл мэт үзэгдэнэ. Үүлэн хээтэй торго сонгож болно. Мөн дотор нь заавал ганга хийнэ.



Гуравт нь хөрст алтан дэлхийгээ төлөөлж ногоон өнгөөр ой мод, савдаг уул усны эздийг бэлгэшээж, амуу будаа дотор нь хийж урладаг. Харин дөрөвт нь хөрст эх дэлхий, хөвөө хязгаарын орон зайн гал эхийг бэлгэдэж шаргал өнгөөр урлаж, дотор нь саримсны хатаамал хийдэг. Энэ нь эрлэгийн элчийн бэлгэдэл, үхэл зовлонгоос ангид, амьсгалын замын өвчнөөс хамгаалах зорилгоор хийдэг. Тав буюу хамгийн дор нь улаан өнгөөр гал голомтынхоо ариун нандин байдлыг бэлгэшээн, үржин төлжиж, үр удам баатрын бэлгэдэл болгож халтар арвайн үр хийж урладаг.

Энэ нь мөн ойр орчимдоо анхилуун үнэрийг гаргаж нойрыг бат бөх гүн болгодог. Ингээд хамгийн дор нь үнэгээ байрлуулна. Зүүдний тэнгэрийн сахиул, харуул нь үнэгэн дүртэй гэдэг. Суу заль ихтэй учраас, амьдын ертөнцийн, үлгэрийн ертөнцийг илчлэн тодотгодог учраас, нойрсох зуураа бие нь тэнхээжиж, ухаан нь саруулжиж байхыг даатгадаг учиртай. Ингээд тээг, үнэгийг бэлэн болгож, урласны дараа өргөө гэрийнхээ галын дөлөн дээр амилуулдаг домтой. Ер нь сар болгон галын дөлөн дээр хурайлж хүчийг нь нэмдэг уламжлалтай. Нэмж дуулгахад, дан халтар арвайгаар дэр хийж цочимтгой хүүхдийг домнодог.


Тээгийг хадгалдаггүй. Хүүхэд хэзээ өөрөө бие дааж унтаж сурна тэр болтол хэрэглээд устгана. Хадгалдаггүйн учир нь дотор нь эмийн болоод ургамлын зүйлс орсон учир муудаад хор болно. Тиймээс галын бурханд өргөнө.

Ингэхдээ, галын бурхан танаа, үр минь өндийж ухаан нь бойжлоо. Аяа та минь миний үр түүний овог нэр, жилийг нь хэлээд, үүнээс цааш та минь, нартын орон зайд манаж, сартын орон зайд нь тэтгэж байх болтугай.

Ээл ивээлд тань талархлаа гэж хэлээд, галын бурхандаа шар тос, чанасан үе сүүлтэй өргөж сахиусаа буцаадаг ёстой байжээ. Үүнээс цааш хүүхдэд хонх зүүж хар хороос хамгаалж, явуу зүүж явдал мөрийг нь засдаг Монголын уламжлалт арга, ёс заншил байна. Монголчуудын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь хүн бүрийн үүрэг. Ялангуяа ахмадууд, дунд насныхан хүүхэд залуучуудад уламжлалт ёс жаягаа өдөр бүр үлгэрлэн зааж сургаж байгаасай гэж хүсдэг юм” гэж Улиастай сумын өвлөн уламжлагч, Ч.Янжинхүү хэллээ.

 

Холбоотой мэдээ