“Galaxy Note 7”-г ашиглахгүй байхыг хэрэглэгчдэд анхааруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН. /АР/. “Samsung Electronics” корпорацийн шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг ашиглахгүй байхыг АНУ-ын албаны хүмүүс хэрэглэгчдэд уриалж байна.
Өмнөд Солонгосын тус компани өнгөрсөн сараас АНУ болон бусад улсад “Galaxy Note 7”-г борлуулж эхэлсэн юм.
Гэвч худалдаанд гаргасны дараахнаас эхлэн уг гар утсыг цэнэглэж байхад батарей нь дэлбэрсэн тохиолдол цөөнгүй бүртгэгдээд байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан “Samsung Electronics” сайн дураараа “Galaxy Note 7”-гийн борлуулалтыг зогсоож, хэдийн худалдан авсан хүмүүст бүтээгдэхүүнийг шинэлчилсэн хувилбараар сольж авахыг санал болгож байна.
АНУ- ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар баасан гарагт мэдэгдэл гаргаж, уг гар утсыг ашиглахаа болихыг хэрэлэгчдэд уриалжээ. “Galaxy Note 7”-г зах зээлээс албан ёсоор татахад “Samsung Electronics” корпорацитай бид хамтран ажиллаж байна гэж тус газар мэдэгдэв.
Мөн уг гар утсыг онгоцонд ашиглахгүй байх, ачаа тээшиндээ хийхгүй байхыг АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар зорчигчдод анхааруулсан байна.
“Samsung” бол ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм.
“Galaxy Note 7” тус компанийн зах зээлд эзлэх байр суурийг өргөжүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байсан билээ. Гэвч шинэ бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татаж байгаа нь тус компанийн ухаалаг гар утасны бизнест сөргөөр нөлөөлж магадгүй.
Г.Доржханд