СЭЛЭНГЭ: Параволейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Мандал суманд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-05 07:38:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2023 оны Параволейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал суманд боллоо.

Амралтын бямба, ням гарагт зохион байгуулсан тус тэмцээнд Говьсүмбэр, Хэнтий, Сэлэнгэ, Орхон, Говь-Алтай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс нийт 15 багийн 100 гаруй тамирчин оролцжээ.  

Энэ удаагийн тэмцээн анх удаа хөдөө орон нутагт, тэр дундаа суманд болж буйгаараа онцлог юм.

 Тамирчид 8 эмэгтэй, 8 эрэгтэй багт хуваагдан хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн  М.Мөнхбат ахлагчтай  баг тамирчид алтан медаль, аваргын цом, эмэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн Н.Нямбаяр ахлагчтай баг тамирчид алтан медаль, аваргын цомын эзэд болсон байна.

Тэмцээний дэд байрт эрэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн баг тамирчид, гутгаар байрт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид, эмэгтэйчүүдээс дэд байрт Хан-Уул дүүргийн баг тамирчид, гутгаар байрт Хөвсгөл аймгийн баг тамирчид тус тус шалгарчээ.

Мөн тэмцээний шилдэг тамирчны шагналыг эрэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн  Б.Баярхүү, эмэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн О.Оюунжаргал нар хүртсэн аж.

Түүнчлэн тэмцээнд амжилттай оролцсон шилдэг тамирчид болон алс холын аймгаас ирсэн нийт 5 тамирчинд Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг Спорт хувцасны @iveelsportshopын эзэн спортын мастер Г.Лхагвасүрэн, Монгол Улсын Гандболын спортын шигшээ багийн дасгалжуулагч А.Амгалантамир нар гарын бэлэг гардууулж, амжилт хүссэн байна.

Тэмцээнийг Монголын параволейболын холбоо, Мандал сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулжээ.   

Мөн тэмцээнийг Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг, Мандал сумын ЗДТГ, тус сумын Спортын ордон, Ардчилсан нам, Мандал сумын Социал димократ залуучуудын холбоо, “Даян Манд ХХК ивээн тэтгэсэн байна. 

Холбоотой мэдээ