Бурхан багшийн "Их Дүйчэн" өдрийг тэмдэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-04 16:58:12
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Бурханы шашинтнууд өнөөдөр Бурхан багшийн "Их Дүйчэн" өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.


Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдөр Гандантэгчинлэн хийд болон жанжин Д.Сүхбаатарын талбайд Бурхан багшийн "Их Дүйчэн" өдөрт зориулсан буян номын арга хэмжээнүүд болж, сүсэгтэн олон даган баяслаа.


Энэхүү өдрийг  Монгол Улс уламжлалт Бурханы шашин дахин дэлгэрсэн 1990 оноос эхлэн тэмдэглэж иржээ. 2019 онд УИХ-аас “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их Дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон (2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль батлав) хуульчилсан юм. Энэ жилийн "Их Дүйчэн" өдөр 6 дугаар сарын 4-ний ням гараг /амралтын өдөр/-т тохиолоо. Буддын шашинтнуудын онцолдог энэхүү зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр Бурхан багш “эхийн хэвлийд оршсон, бурхны хутгийг олсон, гаслангаас ангижирсан 3 давхацсан” өдөр билээ.












Ташрамд дурдахад, Буддын шашинтнууд Бурхан багшийн “Их Дүйчэн” өдрийг эртнээс тэмдэглэн иржээ. Улмаар 1950 онд Шри Ланк улсад зохиогдсон “Дэлхийн буддистуудын холбоо”-ны анхдугаар чуулганаар зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг “Их Дүйчэн" өдөр гэж албан ёсоор зарласан байна. НҮБ 1999 оноос төв байр, дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа "Их Дүйчэн" өдрийг тэмдэглэж, бүх орны Засгийн газруудад хандан тус өдрийг бий болгохыг уриалжээ.







Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ