СЭЛЭНГЭ: “Соосой” гутал үйлдвэрлэгч 10.0 сая төгрөгийн дэмжлэг авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-30 11:38:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сэлэнгэ Старт Ап-2023” төслийн сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэхүү төсөл нь 18-34 насны залуучуудын гарааны бизнесийг дэмжин Сэлэнгийн брэнд бүтээгдэхүүн бий болгоход чиглэсэн эргэн төлөгдөх нөхцөлгүй, орон нутгийн төсвөөр санхүүждэг гэдгээрээ онцлогтой.

 

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХҮГ хамтран энэхүү төслийн үйл ажиллагааг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

 

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 17 сум, 6 тосгоноос нийт 21 бүлгийн 44 залуус төслийн материалаа ирүүлсэн байна. Эдгээрээс хоёр дахь шатанд найман төсөл тунаж, шалгаруулалтын явцад хоёр нь өөрийн саналаар хасагдаж, эцсийн шалгаруулалтад зургаан төсөл өрсөлдсөнөөс ийн хоёр төсөл нь дэмжигджээ.

 

Тус төслийн сонгон шалгаруулалтаар Мандал сумын “Соосой” гутлын цех, Баянгол сумын “Амуу бэйкери” аж ахуй нэгжийн төслүүд шалгарч, тус бүр 10.0 сая төгрөгийн дэмжлэг авлаа.

 

Өнгөрсөн онд явуулсан “Сэлэнгэ Старт Ап-2022“ төслийн сонгон шалгарууулалтад 16 төсөл ирж байсан аж.

 

Жил бүр аймгийн төсвөөс гурван төсөл, улсын төсвөөс буюу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс аймаг бүрд нэг "Шилдэг Старт Ап" төсөл шалгаруулдаг байна.

 

Ирэх намар болох дээрх төслийн сонгон шалгаруулалтын үеэр үлдсэн нэг квот төслөө зарлах аж.

 

Холбоотой мэдээ