Цөлжилтийн асуудлаарх бага хурлыг Монгол Улсад зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-30 12:06:08

РОМ. /AsiaNews/. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод (“UNCCD”) нэгдэн орсон талуудын 17  дугаар бага хурлыг (“COP 17”) 2026 онд Монгол Улсад зохион байгуулна гэж тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам даваа гарагт мэдээлжээ. 


Энэхүү бага хурлыг зохион байгуулснаар цөлжилт болон эрчим хүчний шилжилтэд зайлшгүй шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлт хоорондын харилцан уялдааны талаар олон улсын хамтын нийгэмлэгийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх боломжийг Монгол Улсад олгох юм. 


Цөлжилт нь Монгол Улсын хамгийн том сорилтуудын нэг болоод байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй тус улсын Засгийн газар мөн цөлжилтийн асуудлыг 2021 оноос хойш тэргүүлэх чиглэлүүдийнхээ нэг болгосон. 


Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан "Цөлжилтийн атлас"-аас үзвэл Монгол орны нутаг дэвсгэрийн 76 гаруй хувь нь цөлжилтөд өртжээ.


Газрын доройтлын төлөв байдал тухайн бүс нутгаас хамаарч янз бүр байгаа хэдий ч нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь нь хүчтэй болон нэн хүчтэй доройтсон бөгөөд энэ нь хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйн үйл ажиллагаанд зориулагдсан газар нутгийн 90 орчим хувьд аюул учруулж байна. 


Үүний цаана Говь цөлийн бүсийн тэлэлт, газар тариалан, уул уурхай зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй олон хүчин зүйлс бий.


Монгол Улс нь эрчим хүчний шилжилтэд хамгийн их үүрэгтэй нүүрс, зэс, алт, газрын ховор элементүүдээр баялаг тул ялангуяа уул уурхайн асуудал өнөөдөр онцгой чухал асуудал болоод байна.


Уул уурхай нь Монгол Улсын аж үйлдвэрийн гол салбар хэвээр байгаа бөгөөд Дэлхийн банкны мэдээллээр,  2021 онд ДНБ-ийх нь 22 орчим хувь, экспортынх нь 80 гаруй хувийг эзэлжээ.


2020 онд Монголын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөгөө зарласан ч зэс, газрын ховор элементүүдийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь энэ төлөвлөгөөг удаашруулах төлөвтэй байна.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтэд Монгол Улсыг голлох үүрэгтэй оролцуулахыг зорьж байна.


2019 онд тус улсын ДНБ-ий 7 гаруй хувийг эзэлж байсан аялал жуулчлалын салбар “COVID-19” цар тахлын үед хүнд цохилтод орсноос гадна, Оросын нислэгийн чиглэлүүд хориг арга хэмжээнд өртөхөд хүргэсэн Украины дайнаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүд бий. 


Уул уурхайн салбарын өсөн нэмэгдэж буй ач холбогдол цөлжилтийн асуудалтай зэрэгцэн тавигдахын хэрээр газрын доройтлыг бууруулахад ихээхэн хүчин чармайлт шаардагдах нь дамжиггүй.


Монголын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг бол “Нэг тэрбум мод” тарих томоохон төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ энэ жил 40 гаруй сая мод тарих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. 

Гэсэн хэдий ч уул уурхайн салбарт илүү тогтвортой хөгжлийг анхаарах үүрэг амлалтгүй цөлжилттэй тэмцэх нь үр дүнгээ өгөх нь юу л бол.


Холбоотой мэдээ