СЭЛЭНГЭ: "Дөл-2023" цогцолбор тэмцээн шилдгүүдээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-30 08:22:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын "ДӨЛ-2023" цогцолбор тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа.


Дээрх тэмцээнийг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 3 үе шаттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 1750 гаруй сурагч, 30 гаруй багш, ажилчид, 250 гаруй төрийн албан хаагч, 500 орчим эцэг эхчүүд оролцсон өргөн цар хүрээтэй нөлөөллийн үйл ажиллагаа боллоо.


Тэмцээний гарааны өмнөх ажиллагааг энэ сарын 25-ны өдөр аймгийн төв Партизаны талбайд “Жагсаалын үзүүлэх тоглолт”, “Гардан тулааны үзүүлэх тоглолт”, “Галын бэлтгэлийн норматив”, “Тасгийн захирагч”, “Асуулт хариулт”, “Эсээ” бичлэг, “Гэрийн даалгавар” гэсэн 7 төрлөөр зохион байгуулсан.


Харин 26-ны өдөр “Энхийн төлөө” марш гүйлтийн тэмцээнийг сугалааны дарааллаар зохион байгууллаа. Багууд 15 минутын зайтай гараанаас гарч 6 км замыг туулж, гүйлтийн явцад “Гранат шидэлт”, “Буудлага”, “Тактикийн ажиллагаа”, “Эмнэлгийн норматив”, “Цэргийн байр зүй”, “Химийн норматив” гэсэн 6 цэг дээр өгөгдсөн дасгалыг хийж гүйцэтгэлээ.  


Тэмцээнд бүс бүсээсээ шалгарсан шигшээ 10 багийн тамирчид өрсөлдөж тэргүүн байрыг П.Сэлэнгэ захиралтай Б.Тэмүүжин захирагчтай Мандал сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн "Сүлд" тасаг, дэд байрыг С.Тулга захиралтай, Ж.Энх-Амгалан захирагчтай Мандал ЕБ-ын 3 дугаар сургуулийн "Хөх чоно" тасаг, гутгаар байрыг Р.Цолмон захиралтай Г.Алтан-Эрдэнэ захирагчтай Мандал ЕБ-ын 5 дугаар сургуулийн "Билиг" тасаг, тусгай байрыг Ц.Уранбодол захиралтай Б.Сансар захирагчтай “Сүлд” тасаг, “Тусгай” байрыг Н.Даваажаргал захирагчтай Сүхбаатар сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн “Шонхор” тасаг тус тус шалгарлаа.


Тасгийн захирагчийн төрөлд Сайхан сумын Номгон тосгоны ЕБ-ын сургуулийн М.Энхбат тасгийн захирагч, эсээ бичлэгийн төрөлд Мандал ЕБ-ын 3 дугаар сургуулийн Ж.Энх-Амгалан тасгийн захирагч, Жагсаалын үзүүлэх тоглолтод Б.Тэмүүжин захирагчтай Мандал сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн "Сүлд" тасаг тус тус тэргүүллээ.


Мөн гардан тулааны тоглолтод Ж.Энх-Амгалан захирагчтай Мандал ЕБ-ын 3 дугаар сургуулийн "Хөх чоно" тасаг, гэрийн даалгаврын төрөлд Б.Сансар захирагчтай Зүүнбүрэн сумын ЕБ-ын сургуулийн “Сүлд” тасаг, гранат шидэлтэд Б.Тэмүүжин захирагчтай Мандал сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн "Сүлд" тасаг, тусгай бэлтгэл /буудлага, хүн эмнэлгийн бэлтгэл, химийн нормативын төрөлд М.Тэмүүлэл захирагчтай Ерөө сумын ЕБ-ын сургуулийн “Тэмүүлэл” тасаг шалгарлаа.


Түүнчлэн цэргийн байр зүйн төрөлд Т.Төрболд захирагчтай Сайхан сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн “Дайчин шонхор” тасаг, тактикийн ажиллагааны төрөлд Л.Уянга захиралтай О.Анар-Эрдэнэ захирагчтай “Элит” тасаг, галын бэлтгэлийн төрөлд Б.Эрдэнэ-Очир захиралтай Д.Нямбаяр захирагчтай “Бүргэдэй” тасгууд тус тус шилдгүүд боллоо. 

Холбоотой мэдээ