Каннын кино наадмын дээд шагналыг “Anatomy of a Fall” хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГКАНН. /DW/.
Каннын кино наадмын 76 дахь удаагийн
шагнал гардуулах ёслолын хаалтын үйл ажиллагаа бямба гарагт болж, Францын
триллер жанрын уран бүтээл наадмын дээд шагнал болох “Алтан дал модны мөчир”-ийг
хүртлээ.
Энэ удаагийн
наадам хамгийн олон эмэгтэй найруулагч өрсөлдсөнөөрөө онцлогтой байсан бөгөөд дээд
шагналын төлөө 21 кино өрсөлдсөний долоо нь эмэгтэй найруулагчдын бүтээл
байлаа.
Улмаар хүчтэй өрсөлдөөн өрнөсний эцэст Францын найруулагч бүсгүй Жюстин Трие “Anatomy of a Fall” киногоороо “Алтан дал модны мөчир”-ийн эзнээр тодорчээ. Өдгөө 44 настай тэрбээр Каннын наадмын түүхэнд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж буй гурав дахь эмэгтэй болов.
Триллер жанрын “Anatomy of a Fall” кинонд Германы жүжигчин Сандра Хюллер
нөхрийнхөө үхэлд буруутгагдаж, улмаар өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлохыг хичээж
буй зохиолчийн дүрийг бүтээжээ. Ж.Трие шагналаа гардан авах үеэрээ саяхан өрнөсөн
эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Францын Засгийн газрыг шүүмжилсэн байна.
Энэ удаагийн
наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд Туркийн жүжигчин Мерве Диздар “About
Dry Grasses” кинонд бүтээсэн
дүрээрээ шалгарчээ. Тус киног 2014 онд “Алтан дал модны мөчир” шагналыг хүртэж
байсан Туркийн найруулагч Нури Бильге Жейлан бүтээсэн байна.
Харин “Шилдэг
эрэгтэй жүжигчин”-ээр Японы жүжигчин Кожи Юкүшо тодорчээ. Германы найруулагч Вим
Вендерсийн “Perfect
Days” нэртэй кинонд тэрбээр
Токиод ариун цэврийн өрөөний цэвэрлэгч хийдэг хүний дүрд тогложээ.
Түүнчлэн “Алтан дал
модны мөчир”-ийн дараа хоёрдугаарт бичигдэх Гранпри шагналыг Британийн
найруулагч Жонатан Глейзер “Zone
of Interest” киногоороо
хүртсэн бол “Шилдэг найруулагч”-аар Вьетнам гаралтай Франц найруулагч Тран Ань
Хунг шалгарлаа.