СҮХБААТАР: Хаврын номын баяр “Хүүхэд бүр уншигч” уриан дор болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-27 15:41:46

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг номын баяр "Хүүхэд бүр уншигч" уриан дор Жаахан шарга театрт өнөөдөр эхэллээ.

Хаврын номын баяр хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд аймгийн Нийтийн номын сангаас тусгай хөтөлбөрийн дагуу уншигчдадаа олон төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал урлагийн тоглолт, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, нутгийн зохиолч яруу найрагчдын номын фонд дахь хуучин, ховор ном, монгол бичгийн холбогдолтой номуудын сурталчилгаа, шинэ номын худалдаа, номын хандив өргөсөн иргэн, ААН-д хүндэтгэл үзүүлж алдаршуулах ёслол, Судар эгшиглэн төслийн оролцогчдын болон гар урлал эрхлэгч иргэдийн бүтээлийн үзэсгэлэн энэ үеэр нэгэн зэрэг болж байна. Мөн Баруун-Урт сумын ЕБС-иудын номын санчид оролцож, номын сангаа болон сурагчдад хүргэдэг онцлох үйлчилгээгээ танилцуулж, ахмад номын санчид сонин содон номтой ирж оролцож байгаа нь онцлог байлаа.


Номын баярын үйл ажиллагаанд оролцогч, сонирхогч хүүхэд багагчуудад зориулан монгол түмний уламжлалт тоглоом наадгай бүхий хэсгийг тохижуулжээ. Энд хүүхдүүд шагай няслах, шүүрэх, алаг мэлхий өрөх, шатар зэргээр тоглох боломжтой.


Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоорҮндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2023” үйл ажиллагааг улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна.

Холбоотой мэдээ